2008-08-08

OOo монгол хэл дээр

OpenMN багийн залуус маань маш том ажлын ард гарснаа өнөөдөр зарлаж байна. Энэ нь албан хэрэглээний програмын багц болох OpenOffice.org-ыг эх хэл дээрээ ашиглах боломжтой болгосон явдал юм. Өөрөөр хэлбэл та Microsoft Word, Excel, PowerPoint зэрэг програмуудтай энэ тэнцэхүйц боломжтой програм хангамжуудыг монгол хэл дээрээ ашиглана гэсэн үг. Яг одоо Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн хурлын танхимдтанилцуулах үйл ажиллагаа явуулж байгаа, 16 цаг хүртэл үргэлжилнэ гэсэн.

Яагаад Microsoft Office-г орчуулаагүй вэ? Microsoft Office програмын багц нь мэдээж Microsoft компаний бүтээл бас түүний өмч. Нэгэнт өмч нь болохоор тэр багцыг хэрэглэгчдэд ямар нөхцлөөр хэрэглүүлэх, цаашид хэрхэн хөгжих хувь заяаг тэд л шийднэ. Тэд програм хангамжаа төлбөртэйгээр худалдаж, хэрэглэгчдэд ашиглахаас биш хөгжүүлэлтэд оролцох, өөрчлөлт хийх боломжгүй байхаар шийдсэн. Харин OpenOffice.org нь нээлттэй эхийн програм хангамж, өөрөөр хэлбэл эзэд нь бид. Бид хөгжүүлэлтэд нь оролцож, өөрчлөлт хийж бас тэгээд хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр орчуулж болно. Энэ л боломжийг залуус маань ашиглаж, ийм сайхан боломжийг бидэнд олгож байна. Та компьютераа ашиглаж албан хэрэгээ хөтлөхдөө англи хэл сурах хэрэггүй боллоо, эх хэлээрээ л ашигла. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mn.openoffice.org бас http://www.openmn.org хаягуудаас тус тус аваарай.

Бид анх OpenMN байгуулчихаад GNOME, KDE зэрэг нээлттэй эхийн програм хангамжуудын багцыг орчуулж байсан боловч OpenOffice.org-ийн овор хэмжээ, цар хүрээнээс нь хальшраад төдийлөн зоригтой орж чадахгүй байсан юм. Харин бидний шинэ үе энэ ажлыг маш амжилттайгаар гүйцэтгэсэн байхыг хараад үнэхээр бахархаж байна. Энэ ялдамд Бадрал болон OpenMN багийн бусад гишүүддээ баяр хүргэе, та нар чадсан шүү гэж хэлмээр байна. Бас цаашдын ажилд нь амжилт хүсье.

No comments: