Мэдээллээ нөөцөлж авч зуур нэг алдаа гарсан нь ихэд гайхал төрүүлэв. Тэр нь FAT32-р форматласан байсан зөөврийн диск рүү 6ГБ хэмжээтэй файл хуулахтай холбоотой алдаа байв. Яг үнэндээ би FAT32 нь 4ГБ-с дээш хэмжээтэй файлтай ажиллаж чаддаггүй гэдгийг мэдэж байсан ч амьдрал дээр ингэж тулгарна чинээ бодож байсангүй. Тэр том файл нь төдийлөн чухал биш байсан учир нөөцөлж авсангүй. Бас хэдэн сарын өмнө манай хариуцан ажилладаг нэг сервер дээр файлын системтэй холбоотой нэг сонин алдаа гарч байж билээ. Нэг хавтсан дотор файл үүсгэж болдоггүй, харин бусдад нь болоод байдаг. Үүсгэх гэхээр диск дүүрэн байна гэж алдаа өгөөд, шалгаад үзэхээр дүүрээгүй байдаг. Ихэд гайхаж байгаад өмнө уншиж байсан нэг зүйлийг санаад баталгаажуулахаар хэсэг интернэт ухаж билээ. Асуудал нь ext3 файлын системтэй дискний нэг хавтсанд 32 мянгаас дээс файл байж болохгүй байсан юм. Үүнийг нь xfs ашиглаж байж шийдэж билээ.
Хэдэн жилийн өмнө Modern operating systems гээд ном уншаад компьютер, түүний эд анги болон үйлдлийн системийн ажиллагааны талаар бага сага ойлголттой болж байсан. Дараа нь 2006 онд монголын Ubuntu серверийг үүсгэх зорилгоор линукс дээрх файлын системүүдийн талаар дэлгэрэнгүй судалж, ерөнхийдөө сул болон давуу талуудын талаар мэдэж авч билээ. Ер нь бол найдвартай бас хурдан ажиллуулах санаатай байсан юм. Жишээ нь, vfat буюу fat32 файлын системийг аюулгүй байдал, найдвартай ажиллагаа төдийлөн чухал биш нөхцөл ашиглах нь зүгээр байдаг. Тэгэхгүй бол windows болон unix-ийн хэрэглэгчийн эрх болон бусад чухал боломжууд ажиллахгүй. ext3 нь хамгийн сайн туршигдсан, бараг бүх тохиолдолд санал болгодог боловч файлын хэмжээ, нэг хавтсан дахь файлын хэмжээ болон дискийн хэмжээ гээд олон хязгаарлалтууд байхаас гадна хурдны хувьд жоохон удаан, бас илүү их хэмжээ эзлээд байдаг. өмнө сонгосон xfs-ийн хувьд бараг сүртэй хязгаарлалт байхгүй, маш хурдан, их хэмжээний олон тооны файлыг хадгалахад нэлээн тохиромжтой гэвч сервер маань байнга тог баригчтай байхыг шаарддаг. гэнэтийн цахилгааны тасалдалд мэдээлэл гэмтэх магадлал нь ext3-с илүү өндөр байдаг гэсэн. jfs гээд байдаг нь бас xfs шиг дажгүй, хэрэглэж үзээгүй. Сүүлийн жилүүдэд линукс хөгжүүлэгчдийн дунд ext3-ын дутагдлын талаар нэлээн ярилцах болсон бөгөөд ext4 гэсэн шинэ файлын системийг хөгжүүлж байна. Эцэст нь бүх асуудалд тохирох алтан шийдэл гэж байхгүй, асуудал бүр өөр өөрийн шийдлийг шаардаж байдгийг санах хэрэгтэй. Уйгагүй, залхуугүй судалгаа туршилтын үр дүнд сайн сисадмин болно гэж ...
No comments:
Post a Comment