Хамгийн анх НэтСофт-д ажилд ороод танилцаж байсан FreeBSD-тэй хоёр жил гаруй дотно нөхөрлөж байгаад жил гарны өмнөөс зөвхөн Ubuntu болсон. Харин өчигдөр ажлын шаардлагаар ахиад FreeBSD-тэй нөхөрлөх хэрэг гарав. Сүүлд ашиглаж байхад 6-р хувилбар гараад удаагүй байсан шиг санаж байна, өдөржин л FreeBSD-тэй ноцолдож суудаг байж. Ажил дээрээ уншиж туршаад л, гэртээ харьж үргэлжлүүлж хийгээд л ёстой нөгөө нэг сисадминий амьдралын хэв маягаар амьдардаж байж. Хоёр жил шахам ноцолдоод овоо зүйл сурч авсан юмдаг.
Одоо байгаа сүүлийн хувилбар нь 7.0 байна, дараагийнх нь мэдээж 7.1 байна байх. Сонирхоогүй удсан болохоор шинэ шинэ боломжууд юу орсныг ч бас юу орох талаар ч мэдэх юм алга. Сүүлд сонсохнээ олон процессортой системүүд дээр илүү сайн ажилладаг болсон гэж байх шиг байсан. Ямар ч байсан суулгах болон програм нэмж суулгах аргачлалууд 5-р хувилбарт байснаас сүртэй өөрчлөгдөөгүй байна. Хуучны сайхан ports, cvsup, make гээд бүгд яг хэвээрээ. ports-оо нэг шинэчилж аваад ажилд хэрэгтэй хэдэн програмуудаа суулгалаа, болж байна. Харин хуучин чаддаг байсан цөмийг шинээр байгуулах ажлаа барах эсэхдээ эргэлзлээ. Элдэв юм ухалгүй шууд тохиргооны файлыг өөрчлөн өөрийн гэсэн цөмийн тохиргоог үүсгээд, байгуулаад дараа нь суулгаж орхив. Системээ дахин ачааллах эсэхэд санаа зовж байсан боловч бүх зүйл сайхан болжээ. Үүнийхээ дараагаар bind болон openssh-д илэрсэн цоорхойнуудыг засварлаад систем маань бэлэн болов.
Хэрэв FreeBSD сонирходог бол ports-ыг хэрхэн ажилладаг болон Makefile-ыг хэрхэн унших талаар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүйгээр системдээ хэрэгтэй програмуудаа суулгаж чадахгүй, чадсан ч хог новш болгоход хялбар байна. Дараа нь хэрхэн системийн цоорхойг эх кодоос засварлах, суулгах талаар суралцах хэрэгтэй, ингэхгүй бол систем маань цоорхойтой байх болно. Бас нэг чухал зүйл нь өөрийн гэсэн цөмийг байгуулж сурах. Өөрийн гэсэн цөмийг байгуулахад багагүй мэдлэг, туршлага хэрэгтэй бөгөөд үүний дараа яг танд хэрэгтэй зүйлсийг агуулсан цомхон цөмтэй болно. Цомхон цөм маань санах ойд бага зай эзлэхээс гадна хурдан эхэлнэ, элдэв цоорхойд өртөх нь бага байдаг. Ингээд ажлаа явуулаад илүү дотно нөхөрлөөд байж дээ.
No comments:
Post a Comment