Бид талцах дуртай. Үнэхээр дуртай. Давхар, орц, байр, хороо, хороолол, дүүрэг, хот, аймаг гээд жалга довоороо бас дээрээс нь үзэл бодол, шашин шүтлэг гээд талцаж хуваагдах зүйл зөндөө. Гэхдээ сүүлийн хэд хоногт бид үнэхээр нэгдэж чаддаг юм байна гэдгээ харууллаа. Бид бүгдээрээ олимпод оролцож байгаа баг тамирчдаа дэмжиж, тэмцээн тулаан бүрдээ ялчихаасай гэж залбирч, аль болох медаль авчраасай гэж хүсэхдээ өмнө нь манайхаас хэн ч хэзээ ч авч байгаагүй "алтан" медалийг бид маш их хүссэн. Тамирчдынха тоглолтыг амьсгаа даран үзэхдээ дотроо битүүхэн айдастайгаар хүслээ шивнэж, тэр л өнгийг бид хүсч байсан. Өчигдрөөс эхлэн бидний сэтгэл битүүхэн харуусалтай ч баяраар бялхаж, хүрээд алдсан алт биш чанга атгаж буй "мөнгө"-ий талаар ярилцах болсон. Харин өнөөдөр бидний хүсч байсан тэр л өнгө, тэр л хүсэл маань биеллээ. Түвшинбаяр маань бидэндээ анхны алтан медалийг авчирлаа. Бид бүгд баяртай, бүгдээрээ сэтгэл хангалуун байна. Баярласан сэтгэлээ хүн бүхэнтэй хуваалцаж байна. Сүхбаатарын талбайд цугласан бүхэн нэгэн дуугаар уухай орилж байна ....
Бид үнэхээр нэгдэж чаддаг юм байна. Нэгдэхээрээ бид хүчтэй байдаг. Түүх ч үүнийг гэрчилнэ. Талбайн хажуугаар явж байхад хажуугаар зөрсөн, гар барьсан, тэвэрч авсан бүх хүмүүс "Тиймээ бид чадна" гэцгээж байсан юм. Тиймээ бид нэгдэж бас нэгдээд ихийг бүтээж чадна.
No comments:
Post a Comment