2008-08-04

M-Club-ын гишүүн болов

Өнгөрсөн баасан гарагт мартсан (мэдээж хийгээгүй) ажлаа хийхээр TEDY төв орж яваад M-Club-ын гишүүн болов. Хэдэн сарын ч өмнө юм бэ дээ анх нээгдэж байхад нь манай ажлын хүн ийм шинэ газар нээгдэж гэнэ, гоё газар байна, гэхдээ зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчдэд юм байна гэж хэлж байсан болохоор сонирхоож орж үзлээ.

Миний бодлоор M-Club бол Мобигийн хэрэглэгчдэд л хүргэж байгаа болохоос биш бүх залуучуудад жинхэнэ дутагдаж байсан тэр л үйлчилгээ. Тэнд тамхи байхгүй, архи эсвэл согтуу хүн байхгүй. Тэнд харин цагийг зугаатай, хөгжилтэй хамгийн гол нь бидний хэлээд байдгаар зөв зохистой өнгөрүүлэхэд хэрэгтэй эхний орчин бүрджээ. Хэрэв та компьютер тоглоомонд дуртай бол тэнд PS3 маш олон тоглоомын сонголттой байна, кино үзэх дуртай бол хосоороо тухлан сууж үзэх эсвэл 50-уулаа нийлээд жижиг театр-т үзэх боломж ч байна. Бас та найз нартайгаа ярьж хөөрөөд, хөгжим сонсох бол тийм боломж нь ч байна. Ер нь их аятайхан газар байна лээ. Өнөөдөр би зүгээр орж танилцаад, харчаад гараад ирсэн тэрнээс тоглож, кино үзсэнгүй. Гэхдээ та энд үнэгүй биш харин төлсөн төлбөрөөсөө оноо цуглуулаад тэрүүгээрээ орж үйлчлүүлэх юм билээ. Төлсөн төлбөрийн тань 25%-р оноо орох юм гэсэн шүү.

Зүгээр байхгүй бас шүүмж хэлчихье. Мобигийн хэрэглэгчдэд зориулсан болохоор гадны хүн оруулах журам нь жоохон чанга юм шиг. Танд шинэ гишүүн болохоор тань тус бүр 1000 оноотой 2 ширхэг эрхийн бичиг өгнө, түүгээрээ л гишүүн биш хүмүүсийг хамт авч орох боломжтой. Гэтэл би ганцаараа ороод сүртэй хийгээд байх юм байхгүй, харин дүүгээ дагуулж орвол хоёр хүнээр бодоод онооноос маань хасдаг бол оноогоо дуустал нь тоглоод, кино үзэх байх даа. Бас гишүүн болоход хэрэглэсэн хугацааг нь харгалзаж үзэж байна лээ, энэ нь ялгаж байгаа хэдий ч нөгөө талаасаа үнэнч хэрэглэгчиддээ илүү үнэ цэнэтэй болж байгаа байх. Яваандаа энэ шаардлага нь арай хөнгөрөх болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. Гэхдээ нэг очоод үзээрэй, гишүүн болгочих ч юм билүү. Бас вэб нь их үхмэл юм шиг санагдсан, яваандаа сайжрах байлгүй дээ.

Нээрээ хэрэв таны дугаар албан байгууллагын тань нэр дээр байгаа бол байгууллагаасаа албан бичиг авах хэрэгтэй юм билээ шүү. Нэг очиж үзчихээд илүү дэлгэрэнгүй нэг бичье. Эцэст нь хэрэв та Мобигийн дараа төлбөрт хэрэглэгч бол очоод гишүүн нь болчиход илүүдэхгүй юм билээ, бас дэлгэрэнгүй мэдээллийг http://www.m-club.mn хаягаас авч болно.

No comments: