Чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамж (free and open source software), нээлттэй стандарт (open standards) болон нээлттэй агуулгыг (open content) дэмжигчийн хувьд бас эх орондоо хөгжүүлэхийг эрмэлзэж явдаг хүний хувьд өөрийн блогийн агуулгадаа нээлттэй эхийн аль нэг лицензийг сонгон ашиглах юмсан гэдэг бодол блог бичиж эхлэхэд л төрж байсан боловч өдий хүртэл ажил болголгүй явж ирлээ. Эцэст нь өнөөдөр би Creative Commons Attribution 3.0 Unported гэдэг лицензийг сонгон авч, өөрийн блогт өмнө бичигдсэн болон цаашид бичигдэх бүх бичвэрүүддээ ашиглахаар шийдлээ. Өөрөөр хэлбэл та миний блог дээр байгаа ямар ч төрлийн мэдээллийг тухайн үед өөрөөр заагаагүй бол хуулбарлах, түгээх болон цааш дамжуулах, мөн өөрийн блог эсвэл ямар ч хэлбэрийн бүтээлдээ ашиглах боломжтой болж байна. Ингэхдээ та зөвхөн миний блогийн хаяг эсвэл тухайн бичвэрийн интернэт хаягийг гарчигийн хамт байрлуулахад л болно.
Яагаад гэж үү? Миний бодлоор интернэт бол мэдээллийн чөлөөт ертөнц, тэнд мэдээлэл маань чөлөөтэй урсаж, ашиглагдаж байх ёстой. Бас мэдээлэл нь чөлөөтэй түгж, олон хүнд ашиглагдаж байж өөрийн үнэ цэнийг бий болгож, мэдлэг болж хувирдаг гэж боддог. Тиймээс би өөрийн олж авсан болон өөрийн үүсгэж буй мэдээллийг чөлөөтэй урсаж, ашиглагдаж, цаашлаад мэдлэг болоосой гэж хүсч байна. Өмнө хэлсэнчлэн ашгийн байна уу эсвэл ашгийн бус зорилгоор байна уу хамаагүй Та миний блог дээрх миний бүтээлийг чөлөөтэй хуулбарлах, түгээх болон дамжуулах, бас өөрийн бүтээлдээ ч ашиглах боломжтой. Хамгийн гол нь Та эндээс авсан гэдгээ илтгэж тухайн бичвэрийн интернэт хаягийг гарчигийн хамт дурдах ёстой. Гэхдээ блог дээр маань байгаа холбоос маань тухайн хүний бүтээл тул дээрх лицензийн заалтууд хамаарахгүй, бас гадны материал авч ашигласан бол тухайн үед нь дурдаж байна. Удахгүй энэ лицензийн заалтаа бичвэр бүр дээр гардагаар тохиргоо хийнээ. Бусад блогчдийгоо ч мөн адил нээлттэй агуулгыг дэмжихийг уриалж байна ...
No comments:
Post a Comment