2010-08-06

Бүлгэмийн радио

Хэзээний ч юм нэг удаагийн OBP дээр яавал бид бүлгэмийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах, хамгийн гол нь мэдээллийг хэрхэн хялбар байдлаар хүргэх талаар зүгээр л ярьж суугаад podcast гээч зүйлийг туршиж үзэх талаар цухас яриад өнгөрсөн юм. Санаа нь бол унших залхуутай, бичих бүр залхуутай, харин ярих болон сонсох арай гайгүй хялбар. Тийм болохоор бид дуут блог буюу podcast хийж таны чихэнд хүрэх талаар бодож эхэлсэн байж.

Харин өнөөдөр бид (Дөлгөөн, Хасаа, би) үүнийг бодит ажил болгож podcast буюу LiMNux Radio-ынхаа анхны дугаарыг та бүхэндээ хүргэж байна, таалан сонсоно уу. Бидний хувьд өмнө ийм зүйл хийж байсан туршлагагүй тул алдаа, эсвэл буруу ташаа зүйл байхыг үгүйсгэхгүй, бидний өршөөнө үү. Гэхдээ энэ дугаарын талаар сэтгэгдлээ, мөн дараагийн дугаарт юу сонсохыг хүсч байгаа талаараа энд бичиж үлдээгээрэй. Цаашид хэрхэн хөтлөх, хэрхэн баяжуулах эсвэл илүү сонирхолтой болгох гээд бүх л саналаа хуваалцаарай, бидний хөтөлбөр нээлттэй байгаа. Бас танд ч ярих зүйл, бусдад хүргэх мэдээлэл байвал бидэнтэй хамт дараагийн дугааруудад оролцох боломжтой шүү.

2010-07-27

App Store данс үүсгэх талаар

Дөнгөж саяхан iPad гээч тоглоомтой болов. Гэвч шинэхэн тул дээр нь хийх зүйл үгүй болохоор жаахан баяжуулж Twitter гэх мэт зарим нэг програм суулгахаар шийдсэн боловч App Store дээр ганц нэг асуудалтай тулгарав. Гэхдээ үүнийг шийдсэн тул бусад хүмүүст тус болох мөн өөртөө баримтжуулах үүднээс энэхүү блогийг тэрлэв.

2010-06-09

Гүүш төслийг танилцуулж байна

Аав ээж маань 1998 онд тооцоолуур (компьютер) авч өгч, дараахан нь гэрт интернэт тавьж өгснөөр миний "их аялал" эхэлсэн юм. Хэрхэн яаж ашиглах, юу хийх боломжтой талаар юу ч мэдэхгүй болохоор интернэтээр хэсч олдсон бүхнийг уншиж ойлгохыг хүсдэг байлаа. Эхэнд үед ямар нэг материал олоод уншиж дуусах хугацааны 90% орчим хувийг элдэв толь эргүүлж таарсан мэдэхгүй үгийн утгыг олоход зарцуулдаг байсан бол одоо мэргэжлийн зүйл уншихдаа 1% хүрэхгүй хугацааг шинэ үгийн утгыг ойлгоход зарцуулж байх шиг байна. Манайд мэргэжлийн толь бичиг байгаагүй тул англи үгийн тайлбар толь үзэж байж утгыг гаргах гэж оролдох боловч тэр тайлбарийг уншихад бас мэдэхгүй үгс таарна. Дээрээс нь нэг үгийг нэг хараад цээжлэхгүй тул энэ бүхэн олон дахин давтагдана. Богино биш хугацаанд шаггүй хичээл зүтгэл гаргаж байж багахан мэдлэг олж авсан. Тэр үеээс хойш 10 гаран жил өнгөрсөн боловч нөхцөл байдал бараг өөрчлөгдсөнгүй. Хүүхэд залуус маань 10 жилийн өмнөх миний адилаар маш их цаг, хүч хөдөлмөр зарж байж багахан мэдлэг олж авч байна. Яагаад үүнээс хялбар байж болохгүй гэж?

2010-06-08

Хайлт гээч хачин зүйл

Саяхан хуулийн сайтынхаа эхний хувилбарыг ажилд оруулчихлаа. Одоо ч яахав зөвхөн хуулиас өөр үзэх боломжтой байгаа болохоор сүртэй асуудалгүй. Харин цааш хэрхэн хөгжүүлэх, ямар мэдээллээр яаж баяжуулах талаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байхад хууль, эрхзүйтэй холбоотой төрөл бүрийн мэдээ, мэдээллийг хэрэглэгчид ойрхон буюу олоход хялбар байх талаар асуудал үүсч эхлэв. Өөрөөр хэлбэл мэдээлэл хэрэгтэй боловч хэн ч олж үзэхгүй байж магадгүй тийм мэдээлэл боловсруулах, оруулах нь ямар ч үр дүнгүй юм. Үүндээ шийдэл хайж яваад хайлтын талаар бага сага зүйл олж мэдсэн бөгөөд өөрийн бодлоосоо хуваалдаг юм билүү гээд.

2010-06-02

www.huuli.mn танилцуулж байна

Хааяа нэг хууль харах хэрэг гарахад нөгөө л нэг "legalinfo" руу орж хардаг байв. Гэвч хэрэгтэй үед энэ нь ажиллахаасаа ажиллахгүй нь их болохоор дараа ахиж үзэх хэрэг гарна. Заримдаа ажилласан ч их удаан, бас хайсан зүйлээ олж чадахгүй буцах тохиолдол гарна. Нэг л өдөр тэвчээр минь алдарч "ер нь яагаад гайгүй ажилладаг хуулийн сайт хийж болдоггүй юм" гэж өөрөөсөө асуугалаа. Хариулт нь "нээрээ яагаад болохгүй гэж?", ингээд www.huuli.mn-ийг хийх болсон юм.

2010-05-25

Нээлттэй эх ба төхөөрөмж үйлдвэрлэгч

Өмнөх блогтоо "нээлттэй програм хангамжийг хэн хөгжүүлдэг вэ" гэсэн асуултын нэг хариултыг өгөхийг оролдсон. Харин энэ удаад сүүлийн үед нэлээн их хүч түрэн орж ирж байгаа хүч буюу төхөөрөмж үйдвэрлэгчдийн талаар бичихээр шийдлээ.

2010-05-22

Загатнаагаа маажих нь

Хүмүүстэй нээлттэй програм хангамжийн талаар ярилцаж байхад хамгийн их тавигддаг асуулт бол "хэн яах гэж нээлттэй зүйл бүтээж, хөгжүүлдэг юм бэ". Хэн аль өнцгөөс харж байгаагаас шалтгаалан хариулт олон хувилбартай боловч нийтэд хүлээн зөвшөөрөгдөж басхүү улам бүр хэвшиж буй ойлголт бол "scratching your own itch" буюу "загатнаагаа маажих" юм. Жаахан дэлгэрүүлбэл...

2010-05-21

Түүчээ

Уг нь "түүчээ" гэдэг үгийн тайлбарыг харвал "аян жинд хөтөлж явахад тэргүүлэн явах мал; түүчээ шар" гэж тодорхойлсон байх юм. Гэвч сүүлийн хэдэн жилд энэ үгийг зөвхөн мал амьтанд бус хүнд хэрэглэх болсон бөгөөд утга нь ямар нэг талаараа бусдаасаа түрүүлж, манлайлж яваа хүнийг илэрхийлэх болсон. Харин түүчээ нь ....

2010-04-08

InstallFest 2010-ын талаар бодол

Жил бүрийн хавар миний болон бусад линукс хэрэглэгч, сонирхогчдын сэтгэлийг догдлуулдаг, хүсэн хүлээдэг зүйл бол яах аргагүй InstallFest өдөрлөг юм. Энэ л өдөр бид маш олуулаа цуглаж өөрийн сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж, танилцан нөхөрлөж, бусад хүмүүсийг нээлттэй програм хангамж болон нээлттэй амьдралд урин дууддаг. Энэ л өдөр линукс болон нээлттэй програм хангамж сонирхдог боловч асуулттай, асуудалтай байгаа хүмүүс бусад туршлагатай хэрэглэгчидтэй биечлэн уулзаж тусламж зөвлөлгөө авах боломж олддог. Харин энэ жил яах бол?

2010-04-04

Далайд дусал нэмэр

2008 оны сонгуулиар биднийг гуйгаагүй байхад төр маань мөнгө өгөхөөр амласан. Нэгэнт амласан болохоор хэсэг бүлэг нөхөд нийлээд амлалтыг нь биелүүлэхийг шаардаж эхлээд жагсаал цуглаан хийсээр байна. Гэхдээ л төр маань мөнгө өгнө гэсээр байгаад ямар ч байсан өгөхөөр боллоо. Ингэхдээ 1 сая төгрөгийг нь бэлэн бусаар, үлдэгдэл 500 мянгыг нь бэлнээр өгсөөр 2012 оны сонгуулиас өмнө өгөх юм байна. Нэгэнт өгч байгаа болохоор бүгд авч л таарна. Харин та мөнгөөрөө юу хийх вэ?

2010-03-09

Технологийн туслалцаатай амьдрал

Саяханы нэг амралтын өдөр ганц нэг хүнтэй ярьж ганц нэг ажил зохицуулах шаардлагатай байтал утасны цэнэг дуусаад унтарчихав. Хүний утас гуйгаад ярих гэсэн боловч дугаарыг нь санадаггүй. Технологи, гар утас хөгжин сайжрахын хэрээр ашиглахад илүү хялбар, илүү олон боломжтой болсон тул хүний дугаарыг цээжлэх гэхийн оронд хурдхан шиг хадгалж аваад тэрийгээ дараа ашигладаг дадал суусан байж. Бас хэт олон дугаарыг цээжилж байхаас төвөгшөөсөн нь ч нөлөөлсөн байх. Яаж ч хичээгээд 99 буюу Мобиком байсан гэдгээс өөр юу ч орж ирдэггүй. Ингээд яаж ийж байгаад утсаа асааж дугаарыг нь харахаас өөр арга үлдсэнгүй.

2010-03-03

Хулгайлах уу? эс хулгайлах уу?

Ноднин зун OSCON-д оролцож явахад минь Microsoft-ийн төлөөлөгчид Windows 7-ийн горилогч буюу RC хувилбарыг өгснийг нь суулгаад цөөхөн хэд ашигладаг байв. Уг нь сүүлийн үеийнх гэсэн шиг нэлээн сайжирсан, бас суулгасны дараа ихэнх төхөөрөмжүүд шууд ажилладаг тул илүү хялбар, ерөнхийдөө ажиллагаа нь хүртэл таалагдаад байгаа юм. Гэвч горилогч хувилбар маань бараг бэлэн болсон ч туршилтынх, мөн үнэ төлбөргүй болохоор энэ сарын нэгний өдөр ашиглалтын хугацаа дуусч, үүнээс хойш хоёр цаг тутамд унтрах анхааруулга өгч байна. Хэдийгээр би өдөр тутмын хэрэглээндээ Ubuntu ашигладаг, сүүлийн хоёр сарын хугацаанд нэг ч минут Windows дээр ажиллаагүй ч маш цөөхөн гардаг гарцаагүй шаардлагатай үед энэ асуудал гарвал яах вэ гэх мэт зарим нэг асуудлууд санаа зовоож эхэллээ.

2010-02-11

Сүүгээ мартуузай (шинэчлэсэн)

Би өнөөдөр хэдээс хэнтэй уулзах ёстой билээ? Ямар ажил хийж дуусгах ёстой вэ? Бас маргааш? Өнөөдөр ямар ажил амжуулчихав? Энэ мэт асуултууд өдөр бүр бараг цаг бүр сэтгэлийг минь зовоож байдаг. Гэтэл өдөр ирэх бүр улам л завгүй болоод байгаагаа мэдрэх юм. Цаг болон ажлыг зохион байгуулах, төлөвлөх талаар бас бус ном уншиж учрыг нь олсон боловч багаж нь маш чухал болохыг ойлгов. Саяхан нэг багаж олоод нэлээн гайгүй хэрэглээд явж байна. Энэ туршлагаасаа багахан хуваалцах гэсэн юм.

2010-01-10

Avatar

Avatar гэдэг кино гараад дэлхийг бүхэлд нь байлдан дагуулаад, би өртөөд нэг тиймэрхүү өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр зарим нэг хүний оронд ахиж үзсэн боловч догдолж, түгшсэн хэвээрээ л байх юм. Би киноны үйл явдал бичихгүй ээ, Өргөө ороод үзчихвэл хамаагүй дээр. Хувьдаа интернэтэд гарсан бичлэгүүдийг татаж авч үзчих гээд болохгүй их л тэвчих хүлээсэн дээ. Харин киноноос төрсөн хэдэн сэтгэгдлээ хуваалцах санаатай.

2010-01-09

LPI-ын талаар эргэн дурсахуй

Саяхан нэг газар өөрийн талаар материалыг өгөх шаардлага гарахад үндсэн материалуудаас гадна сургалтанд суусан болон авсан мэргэжлийн сертификатын талаар мэдээллийг өгөх шаардлагатай болж өмнө сууж байсан сургалтууд, тэдгээрээс авсан батламжуудыг эрж олох ажилтай болов. Ингээд бичиг цаас ухаж байгаад LPI-ын сертификатыг олоод, басхүү сонирхолтой дурсамжуудаа сэргээе үү гэж бодоод.