2006-11-22

Ухаалгаар асуулт тавих нь

Нээлттэй эхийн програм хангамжийн томоохон төлөөлөгчдийн нэг Eric Raymon-ын "How To Ask Questions The Smart Way" гээд нэг бичиг байдаг. Энэхүү бичгээрээ дамжуулан асуулт тэрдундаа техникийн асуултыг асуухдаа хэрхэн асуух вэ, асуухаасаа өмнө ямар алхамуудыг хийсэн байх хэрэгтэй вэ гэх мэтчилэн илүү үр дүнтэйгээр асууж, илүү үр дүнтэй хариулт авах талаар дэлгэрэнгүй, маш дажгүй бичсэн байдаг. Үүнийг монгол хэл рүү орчуулах бас хэрэгцээ гарч байх шиг байна. Учир шалтгаануудыг тоочвол.

Өнөөдөр вэб сайтууд, форумууд болон мэссэнжэрээр асуугдаж байгаа асуултуудыг өнгөц аваад үзье л дээ. Хамгийн наад захын жишээ бол MUUGхэлэлцүүлэг. Эндээс харвал ихэнх асуултууд нь тодорхой бус, мэдээлэл үгүй дээрээс нь асууж байгаа хүн нь бэлэнчлэх сэтгэлгээтэй. Саяхан мэссэнжэрээр надаас нэг хүний асуусан асуулт нь "Server дээр latin1 гэж гараад байх юм яаж utf8 болгох вэ" гэж байгаа юм. Асуултаас харахад ямар сервер дээр, бас юун дээр нь latin1 гэж гараад байгаа нь тодорхойгүй байна. Иймэрхүү асуултуудаас болж ахин лавлан асуух, хэд хэдэн шатны асуултаас тухайн хүнд тулгараад байгаа асуудлын зах зухаас нь ойлгодог. Заримдаа нөгөө хүнээсээ лавлаад асуухаар алга болчихно, бүр зарим нь асуултанд хариулсангүй гэж харааж ч байсан. Хэн ч гэсэн хүнд тус болохыг хүсэлгүй яахав, гэхдээ хариулж байгаа хүндээ төвөг багатай цагаас нь бага үрвэл хэн хэндээ амар байх болно. Учир нь бид бүхэнд чинь өөрийн амьдрах амьдрал, илүү чухал хийх ёстой зүйлсээр дүүрэн байгаа.

How To Ask Questions The Smart Way-г миний бие орчуулж эхэлсэн бөгөөд Хэрхэн ухаалгаар асуулт тавих вэ гэж монголоор нэрлээд байна. Орчуулгаа хэн бүхэнд чөлөөтэй байлгах үүднээс Wiki ашиглан хийж байгаа болохыг анхаарна уу. Миний англи хэлний, мөн монгол хэлний мэдлэг чадвар тааруу болоод ч тэр үү нэг л сонин болоод байх шиг санагдах юм. Бүрэн хэмжээгээр нь орчуулаад дуусчихвал анхлан сурагчдын заавал унших ёстой нэг бичиг болгоод тавьчихвал миний болон бусад асуултанд хариулагчдын амьдрал хөнгөрөх болно, үүнээс гадна асуугчид маань өөрөө тодорхой хэмжээнд судалгаа хийгээд асуудлаа шийдэх дөртэй болно гэж найдаж байна. Эцэст нь та бүхнийг хянаад өөрсдийн санал хүсэлтийг илгээхийг, мөн боломжтой бол зарим нэг хэсгээс нь орчуулахад туслахыг хүсэх гэсэн юм.

How To Ask Questions The Smart Way буюу Хэрхэн ухаалгаар асуулт тавих вэ.

4 comments:

db said...

Сайн байна уу Дөлмандах аа,

юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт шинээр эхлүүлсэн орчуулганд чинь өндөр амжилт хүсье.

Erkhemee said...

Харин шинээр эхлэж буй хүмүүс ихэвчлэн яг ийм дутуу асуултыг асуудаг л даа. Би ч мөн ялгаагүй эхлэж байхдаа ч тийм л байсан байх. хэхэ.. Тийм болохоор шинээр эхлэгчдэд маань энэ гарын авлага ихээхэн тус хүргэх боловуу гэж бодож байна. Амжилт хүсье!

А.Ганбаатар said...

Асууна гэдэг хариулахаас хэцүү талтай байж мэднэ. Хүнээс асуухдаа уг нь тухайн асуудлаар чадлаараа судлаж үзсэнийхээ дараа асууж байх хэрэгтэй байх. Харин бид нар чиний хэлдгээр бэлэнчлэх сэтгэлгээгээр асуудаг хандлагаас болоод нөгөө хүндээ түвэг удаж байгаагаа ч анзаардаггүй юм шиг ээ.
Амжилт хүсье. Тун ч хэрэгтэй зүйл хийж байгаа юм байна.

baynaa said...

10 жилд байхдаа физикийн бодлого боддог байсан минь санаад орчлоо :). Жоохон оролдож байснаа номоо бариад аавруу гүйнэ. Тэгээд аав ч хөөрхий эхнээс нь ойлгох гээд л "Яасан гэнээ? Тэгээд?" гэх мэтчилэн асууж эхлэнэ дээ. "Тэгээд ингэсэн байхгүй юу..." гэж байснаа өөрөө алдаагаа олчихдог. Тэгэхээр гол нь асуудлыг логик дараалалтай бодож байх нь зөв асуулт тавихад нэмэр болох болвуу.