2006-11-21

Миний багаж: NetworkManager

Нээлттэй эхийн програм хангамж өдөр ирэх бүр илүү сайжирч, бидний амьдрал ч илүү хялбар болж байгаа билээ. Өөрийн ашигладаг багажийн ээлжит танилцуулгаараа NetworkManager-г танилцуулахаар шийдлээ.

Саяханыг хүртэл утасгүй сүлжээнд холбогдоход маш хүндрэлтэй байсан. Ихэвчлэн график биш хэрэгслүүдийг ашиглан утасгүй сүлжээгээ тохируулах боловч тэдгээр нь ашиглахад бэрх, ойлгомжгүй хамгийн гол нь тийм ч тогтвортой байсангүй. Сүүлийн үед хамгийн энгийн утасгүй интернэтийн сүлжээг тохируулах боломжтой болсон боловч бас л арай дэвшилтэт зүйлсийг ашиглах боломжгүй байлаа, харин NetworkManager гарснаар бидний амьдрал их хөнгөрч байна.

NetworkManager нь үйлдлийн системтэй хоршиж ажилласнаар утасгүй болон утастай сүлжээний хооронд шилжих, нэг утасгүй сүлжээнээс нөгөө утасгүй сүлжээ рүү шилжихэд илүү хялбар болгосон. Мөн дохионы чанарыг маш энгийнээр үзүүлэх болно. Хамгийн гол нь WPA, WPA2 гэх мэт утасгүй сүлжээг хамгаалах дэвшилтэд аргуудыг ашиглах боломжтой болгосон. Миний бие 6-р сард Испанид явж байхдаа Fedora Core 5 дээр орсон байхыг хараад бүр гайхаж, тийм юмыг бас ашиглахыг хүссэн. Тэр үед NetworkManager байсныг мэдээгүй, ийм зүйл байдгийг мэддэг ч үгүй байлаа.



Ubuntu систем дээр суулгахдаа, доорх командыг ашиглана.

sudo apt-get install network-manager-gnome

Үүний дараа системээ шинээр эхлүүлээд та NetworkManager-г ашиглах боломжтой болж байгаа юм. Гэхдээ миний нэг найзын компьютер дээр огт утасгүй сүлжээ ажиллахгүй байсан болохоор ажилсангүй, иймд бүх тохиолдолд асуудалгүй ажиллана гэсэн үг биш. Миний Thinkpad T42 дээр ямар нэг асуудалгүй сайхан ажиллаж байна.

Харин Ubuntu-с бусад системүүд дээр өөрийнх нь зааврыг дагана уу. Хэрэв та Ubuntu-г авч ашиглахыг хүсч байгаа бол http://mn.releases.ubuntu.com хаягаас өөрийн дуртай хувилбарыг татаж авч ашиглана уу. Гэхдээ уг серверээс зөвхөн Монгол Улсад суугаа хэрэглэгчид татаж авах боломжтойг анхаарна уу.

No comments: