Хавраас хойш нийт 5 удаа багшийн ажлыг хийсэн байх юм. Энэ хугацаандаа олж мэдсэн зүйлс, өөрийн бодож явдаг зүйлсийн талаар бичье гэж бодоод бас л залхуураад явж байтал өнөөдөр Баянаа загтнасан газар майжих шиг боллоо. Ингээд ер нь бодоод явсан зүйлийнхээ талаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Анх багшлах саналыг Магсар анд хавар тавьж байсан санагдана. Түүнтэй бид анхны Unix Beer Party дээр танилцсан бөгөөд түүнээс хойш сайхан нөхөрлөж байгаа билээ. Тэрээр Важпайн нэрэмжит сургалтын төв дээр юникс үйлдлийн системийн талаар хичээл орооч гэж санал тавьсны дагуу зөвшөөрч хичээл орохоор болсон. Гэтэл хүнд хичээл заах, мэдлэг өгөх гэдэг нь тийм ч амар ажил биш болохыг тэгэхэд л ойлгосон. Өөрөө болохоор юникс гэдэг юмаа давгүй суулгаад тохируулаад чадахаараа л бүх зүйлийг нь болгоод байдаг, хүнд тэр бүгдийгээ хүргэх гэж, өгөх гэж шаггүй махаа идсэн шүү. Анхны хичээлийг "нисэхийн" гэдэг тодотголтой хүмүүст заасан, дараа нь харин тус сургалтын төвийн сурагчдад заасан. Хоёр дахь удаадаа багагүй туршлага хуримтлуулсан байсан боловч мөн л адил шаггүй ажил байлаа. Сүүлд намар бас нэг хичээл зааснаар тус сургалтын төв дээрх хичээлүүд дууслаа. Энд тулгарсан хамгийн гол хүндрэл нь оюунтнууд нь хичээлээ их тасална. Үүний улмаас нэг ярьсан зүйлээ байгаагүй хүмүүст товчлон хэлэх, цаг дэмий үрэх хэрэг гарна.
Энэ сард харин "төрийн албан хаагч" гэдэг тодотголтой хүмүүст хоёр удаа хичээл заах саналыг авлаа, бас бус багш нар олж өгөх ч даалгавартай дагалдсан юм. Нэг нь бүх яамдын нөгөөх нь засгийн газрын агентлагийн ажилтнуудад. Өөрөө "Чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамж", "Юниксийн үндсэн ойлголтууд", "Samba ашиглан файл сервер үүсгэх" гэсэн хичээлүүдийг авч Баянаа цахим шуудан, Үнэнбат вэб сервер, Баска ах мэдээллийн аюулгүй байдлын талаар хичээл орохоор боллоо. Баянаа өөрийн хичээлийн талаар блог бичсэн байна лээ. Энэ удаад өмнөхийг бодвол мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бас зарим нь юниксийн талаар бага ч болов мэддэг гэдгээрээ илүү хялбар боловч зарим нэг үл ойлголцлын улмаас цаг их давчуу байсан учир зөвхөн "Юниксийн үндсэн ойлголтууд" хичээлийг л шахаж амжуулж байлаа. Уг хичээлийнхээ хүрээнд Ubuntu линукс ашиглан юниксийн түүх, хэрэглэгчийн данс, файлын систем, файлын эрх болон Ubuntu линуксыг суулгах, програм хангамж нэмж суулгах зэрэг сэдвүүдийг багтаалаа. Бид боломжоороо суулгаж үзэх, тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан гэж итгэж байгаа. За ингээд асуудалдаа оръё.
Баянаагийн хэлж байсанчлан аль ч байгууллагын мэргэжилтэн нь К үсгээр эхэлсэн бүх юмыг хийдэг гэсэн асуудлыг бас надад ярьж байлаа. Тэр дотор байгаа бүх сервер, бүх хэрэглэгчдийн компьютер, сүлжээ гээд л бүх юм. Ийшээ ч нэг дуудагдана, тийшээ ч нэг дуудагдана. Бараг бүгд л ямар нэг асуудалтай, судлах сурах зав тэдэнд гарахгүй, гэтэл хийх юм маш их. Нэг байгууллага нь шуудангийн сервер суулгах гээд 2 сар гаран болж байна гэсэн шүү. Яагаад мэддэг, чаддаг хүмүүсээр нь хийлгэж болдоггүй юм бол? Гадны хүнээр хийлгэх нь мэдээллийн аюулгүй байдал, дотоод журманд нийцэхгүй, харин мэдэхгүй чадахгүйн улмаас ажил хойшлох, эсвэл чанаргүй хийх нь мэдэллийн аюулгүй байдал, дотоод журманд нийцдэг юм байх даа? Ойлгохгүй юм. Энэ тал дээр төр засаг маань анхаарч зарим нэг талын арга хэмжээ авмаар юм. Хүмүүсийг нь нэмээд чиглэл чиглэлээр нь явуулдагсан уу, эсвэл зарим нэг ажлуудыг аутсорс буюу компаниудаар хийлгэх шаардлагатай байна. Ийм нэг дуу хоолойг бүгдээрээ нийлж дээд тушаалын албан тушаалтнуудад хүргэх хэрэгтэй болов уу.
No comments:
Post a Comment