2006-11-06

Unix Beer Party: 11-р сар

Юникс, линукс төрлийн үйлдлийн систем хэрэглэгч, сонирхогчдын маань сар бүрийн уулзалт энэ сарын 9-ний пүрэв гарагт тохиож байна. Уламжлалт ёсоороо Их Монгол уушийн газар 19 цагаасаа уулзана, бидний ширээг гартаа шар айраг барьсан оцон шувуу болон мөн адил чөтгөрийн дүрс бүхий дарцагаар таних боломжтой. Энэ үдэш бид хоорондоо мэдлэг туршлагаасаа солилцохоос гадна төрөл бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцан өнгөрүүлдэг билээ. Миний хувьд энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг ба тэнд өрнөх яриан дундаас багагүй зүйлсийг шинээр сурч, ойлгож авдагаа нуух юун. Мөн миний хэд хэдэн танил ч үүнтэй санал нэг байдаг.

Шинээр нэгдэх хүсэлтэй байгаа хүмүүсд хэлэх хэдэн үг байна. Хүмүүстэй ярилцаж байхад сонирхол байвч бараг танидаг хүн байхгүй болохоор ичээд эсвэл санаа зовоод очиж чаддаггүй гэж хэлдэг. Хариуд нь би "Бид ч анх нэг нэгийгээ огт таньдаггүй байсан, харин одоо ихэнх нь найзууд болсон. Тэнд хэн ч чамайг гадуурхахгүй, ичээхгүй, зовоохгүй. Хүрээд ир, тэгээд нээлттэй эхийн хамт олон ямар байдгийг өөрөө очоод мэдэр, найзууд бол" гэж хэлдэг. Нээлттэй эхийн програм хангамж ашигладаг хүмүүст байдаг нийтлэг зан бол нийтэч, эелдэг. Энэ л уур амьсгалыг хүрч ирээд мэдрэх болно.

Анхаарах зүйл бас бий. Энд биднийг хэн ч санхүүжүүлдэггүй тийм болохоор бүгд өөрсдийн гаргасан зардлыг бүрэн төлдөг, төлөх ч ёстой. Ийм хэрэв та ирэх гэж байгаа бол үүнийг анхааралдаа авахыг хүсч байна. 11-р сарын 9-ний пүрэв гарагт 19 цагаас Их Монгол уушийн газар уулзацгаая.

1 comment:

Anonymous said...

Очиж сонирхоё гэж бодоод байгаа юм. Даанч энэ өдөр 19 цагаас ажил давхцаж байгаа юм байна. 12-р сарынхад нь заавал очноо. Ямар нэгэн сэдвээр (мэдээж opensource, unix, lunux) 10 минутын presentation хийгээд түүн дээрээ ярилцаад байвал бас сурах гэж байгаа шинэ хүмүүст өгөөжтэй болов уу гэж бодлоо.