2006-11-22

Unix Beer Party шинэчлэлт

Альваа зүйл нь цаг хугацааны эрхэнд шинэчлэгдэн сайжирч байх ёстой гэж хувьдаа үздэг. Гэхдээ мэдээж хэрэгцээ шаардлага байгаа тохиолдолд шүү дээ. Зарим зүйлс цагийн аясаар өөрөө сайжруулагдан шинэчлэгддэг, харин зарим нь заавал зарим нэг зохицуулалт, хярмайлт шаарддаг. Миний бие, бас бусад зарим нөхөд маань Unix Beer Party гээч зүйлийг өөрчлөх, цагийн шаардлагыг тусгах хэрэгтэй байгаа талаар яриад багагүй хугацаа өнгөрч байгаа, гэвч хэрхэн?

Удахгүй Unix Beer Party маань нэг ой хүрэх гэж байна, зогсолтгүй үргэлжилсээр л байна. Юникс төст болон линукс системийн сонирхогч, хэрэглэгчдийг холбодог, туршлагыг хуваалцуулдаг цорын ганц тогтмол арга хэмжээ. Энэ өдөр зарлалын дагуу хүссэн хүн нь ирээд бусад хүмүүстэй танилцаж, мэдээлэл туршлагаасаа хуваалцдаг, нэг нэгээсээ шинийг байнга сурч байдаг. Үүнийхээ хажуугаар алжаал тайлах сайхан далим болж өгдөг. Анхаарах зүйл нь өөрийн гаргасан зардлыг бүрэн төлөх. Гэвч энэ байдлаараа үргэлжлэх нь зүгээр боловч илүү үр өгөөжтэй болгож сайжруулах хэрэгцээ байна.

Энэ сард "Мягмар гарагийн уулзалт" гэдэг уулзалтанд Үнэнбат, Баянзул нарын хамт очин ямархуу зүйл хэрхэн зохион байгуулагддагийг сонирхолоо. Эхлээд хөтөлбөртэй нь зар тараачихна, оролцох хүмүүсээ бүртгэчихнэ. Гэхдээ заавал бүртгүүлэх ёстой учир нь тэнд танд зориулж ширээ засаж оройн хоолынг бага сага уух юмтай захиалга өгч бэлдүүлнэ, энэ бүгд 5000 төгрөг. Дажгүй байгаа биз. За тэгээд хөтөлбөрийн дагуу хүмүүс хийсэн, хийх гэж буй зүйлсийнхээ талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Явцын дунд протокол хөтөлж сүүлд нь тайлан бэлддэг бололтой байсан. Энэ үнэхээр авууштай санаа.

Unix Beer Party маань тогтмол ирдэг 6-8 хүнтэй болчихлоо цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Мөн Монголын Юникс Хэрэглэгчдийн Холбоо маань ч овоо нэр хүнтэй болоод ирлээ, энэ алхам тутамд минь мэдрэгддэг юм шүү. Иймд бид уулзалтынхаа эхний 30 орчим минутад тодорхой нэг асуудлаар танилцуулга хийж, үлдсэн цагт нь хамгийн гол асуудал болох танилцах, мэдээлэл, мэдлэг туршлагаа солилцож, чөлөөтэй ярилцах ёстой юм. Тэгэхлээр өнөөдрийн явж байгаа зүгээр л Их Монголын нэг сул шийрээнд суух нь зохимжгүй харин нэг тусгай өрөө байх хэрэгтэй болж байна. Иймд бүгдээрээ вэб сайт дээрээ Unix Beer Party-н булан нээе эсвэл бүр вэб сайт ч байж болох. Тэндээ уулзалтын байрыг ивээн тэтгэж буй газрынхаа сурталчилгааг байрлуулах хэрэгтэй, бас түүгээрээ дамжуулан зарлалаа тарааж бас үр дүнг нь нийтлэж байх ёстой. Үр дүнд гээд сүртэй зүйл байхгүй ш дээ танилцуулга хийсэн файл нь, бас яригдсан зүйлсийн товч. Энэ маягаар шинэчлэх юм бол бидний хүрээ тэлж, мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх боломжтой болох юм.

Эцэст нь хэрэв та Unix Beer Party дээр ирж байсан бол санал хүсэлтээ бас миний саналын талаар бодлоо хуваалцаач. Монголчууд бид цөөхүүлээ, гэхдээ эвтэй байхдаа хүчтэй. Нэгдэцгээе.

1 comment:

baynaa said...

Манай залуучуул илүү ажил хэрэгч болсон болохоор, нэр нь л Unix Beer Party болохоос агуулгын хувьд багахан ч гэсэн албан ёсны байвал зүгээр байхаа. Дараагийнхаа Beer Party-наас эхлээд туршаад үзье.