Бид мэдээж ардчилсан, эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа. Үүнийхээ хэрээр үг хэлэх өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн чөлөөтэй байдал гэх мэт олон зүйлийг бид урьтал болгон ярих дуртай. Би ч гэсэн хэнээс ч асуулгүй өөрийн блогийг ажиллуулж, өөрийн үзэл бодлыг илэрхийлж байна. Гэхдээ харж байхад зарим нэг хэмжээгээр мэдээллийг шүүрдэх, ялгах залшгүй шаардлага байх шиг.
Сонгуулийн өмнө ба хойно манай хэдэн мэдээллийн вэб сайтууд бүгд хараалын болон нэг нэгийгээ дайрч доромжилсон үгээр дүүрсэн гэхэд болно. Хараад уншиж явахад сэтгэл өвдмөөр, харамсмаар, ганц нэг нь инээд хүрмээр. Ганц миний сэтгэлийг зовоож байсан зүйл нь бид эрх чөлөө гэдэг зүйлд хэт ташаарч соёлч боловсон, ёс зүйтэй, хүнлэг, нийгэмлэг гээд олон зүйлсийг умартаж орхисон мэт. Арай л дэндүү. Сүүлийн үед улс төрийн идэвхижил өндөр болж байгаагийн хэрээр өмнөх үзэгдэл давтагдаж эхэлж байна, гэхдээ арай ч тийм аймшигтай хурц биш. Бас нэг зүйл нь мэдээллийн вэбүүдээр дамжуулж бараа бүтээгдэхүүн сурталчлах ажиллагаа явуулж байна. Мэдээ уншиж байхад доор нь ямар нэг зүйл худалдах, худалдаж авах зарим нь бүр биеээ үнэлэх зар тавьсан байх нь их сонин. Ядаж байхад, саяхан нэг гадаад танилуудтайгаа элдвийг ярьж суутал нөгөө хэд чин эх орны минь тухай ярьж эхэллээ. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар гэв үү дээ манайд интернэт хэрэглэгчдийн бараг 90% нь "болохгүй" вэбүүдээр хэсч, ажлынхаа ихэнх цагийг интернэтээр зугаалах, "messenger"-дэх зэргээр нөхцөөдөг нь тогтоогдсон байна гэсэн. Сонирхолтой.
Би зав зайгаараа зурагтаар мэдээ, кино үзэхээс гадна хөгжим сонсч, клип үзэх дуртай. Энд мэдээж нөгөө ТВ Чат маань орно. TV8-ийн чатыг харж байхад байсхийгээд л *** гарч ирнэ. Сониуч юм болохоороо шинж чанарыг нь ажиглах, яг ямар үед ийм тэмдэгт гарч байгааг зах зухаас нь оллоо. Хамгийн сонин нь миний харснаар 'or' болон 'al' гэсэн болгоныг "од" болгон хувиргаж байсан. Өөрөөр хэлбэл oroi гэхийн оронд ***oi, харин zaluu гэхийн оронд z***uu гэж гарна гэсэн үг. Мэдээж энэ бол бүдүүлэг арга, гэлээ ч утга нь ойлгогдоно. Цахим захидалаар ирдэг дээр бол бүр хэдэн арван хэрэгслүүд байх ба мөн адил, гэхдээ илүү боловсронгуй технологи ашиглан шүүрдэнэ. Гэхдээ яагаад үүнийг вэбүүд маань авч ашиглаж болохгүй байгаам бол? Мэдээллийг чөлөөтэй байлгах гэж үү? Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хангах гэж үү? Хүмүүсийн үлдээж буйс сэтгэгдлүүд хэвлэлийнхний хүргэх гэсэн мэдээллийг бүдгэрүүлж байна, бас хүмүүсийн тархийг угаах, турхирах томоохон хэрэгсэл болон хувирсан байх юм. Заримдаа харж байхад бүр захиалгатай, зохион байгуулалттай байдаг бололтой билээ. Би шуугиан биш өөрт хэрэгтэй мэдээллийг л авмаар байна. Та бүхэн энэ талаар юу гэж бодож байна?
No comments:
Post a Comment