2008-09-19

Амаржин

Бараг жилийн өмнө авсан нөгөө унааны маань амаржин гээч зүйл нь эвдрээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Ядаж байхад солиулаад удаагүй байсан болохоор ч тэр үү эсвэл залхуу хүрсэн болоод ч тэр үү нэх их анхаарал тавьсангүй. Харин явах тусам дуу нь улам чангарч, сэтгэл өвдөх болов. Сүүл рүүгээ харин дуу гаргахгүй, сэтгэлээ бага өвтгөх гэж нүх тойрох мастер болохоо шахсан.

Хэдий болтол ингэж явах вэ гэж бодоод сүүлийн хэд хоног ер нь амаржин гэж юу вэ, хаанаас яаж илүү сайныг олох талаар бага сага чих тавьж эхлэв. Эхлээд машин оруулж ирж зардаг хамаатны ах руугаа ярьлаа. Мань эр энд байгаа шинэ гэсэн бүгд "хужаа", япон эсвэл солонгос гэж байгаа нь худлаа. Ганц үнэн юм нь энд зарагдаж байгаа бараг бүх амаржинийг урд хөршийн шинжин эсвэл гуанжоуаас оруулж ирээд шошго хийгээд зардаг, үүнийхээ оронд дөнгөж орж ирсэн машиныхыг худалдаж авсан нь дээр гэнэ. За яахав. Огоогийн маань нэг найз бас сэлбэг оруулж ирдэг гэдгийг мэдэх тул түүн дээр очлоо. Хариулт бас л ижил. Өөр нэг хүн рүү залгалаа бас л адилхан хариулт. Дараагийн асуулт. Энэ бүх "хужаа"-гаас аль нь илүү сайн бол? Нэлээн явж судаллаа, ихэнх нь синга, япон, солонгос гэх юм, нөгөө хужаа гэдгийг хэлэх хүн олдсонгүй. Харин яг яаж япон гэдгийг нь нотлох вэ гээд жоохон чухал асуухаар хариулж чадахгүй. Явж явж байгаад арай ахиу үнэтэй боловч 6 сарын баталгаа өгсөн Crown Service гээд газрын оруулж ирдэг AIXITI гэсэн юмыг нь аваад тавьчихлаа. Шинээрээ болохоор сүртэй мэдэгдэх юм алга, ямар ч байсан бүр эвдэрхийгээс хавьгүй дээр юм.

Эндээс миний гайхшралыг төрүүлж буй хэдэн юм байна. Япон технологиор урд хийдэг гэсэн. Гэхдээ яагаад бүгд хужаа юм бол тэрийг нь хэлдэггүй нуудаг юм бол? Яагаад шинийг авснаас хуучин японыг авсан нь илүү үнэнтэй бас чанартай байдаг юм бол? Миний гайхдаг юм нь яагаад энд бид шударгаар бизнес хийж болохгүй байгаа юм бэ? Өнөөдрийн монголчуудын хийж байгаа ихэнх бизнес нь дамын наймаа. Нэг нь гаднаас бөөндөж оруулж ирнэ, бөөнөөр нь зарна, жижиглэн болгож зарна. Бас дээрээс нь зуучилсан гээд дундаас нь "цавчина". Нэг байрыг найздаа түрээслүүлнэ, нөгөөх нь цааш гээд. Энэ бүгд ямар нэг хэмжээгээр орлого оруулж байгаа боловч баялаг бүтээхгүй байна. Энэ маягаар хуурсан хөөрөгдсөн барааг авахын тулд би өөрийнхийгөө хөөрөгдөнө, минийхийг авах гэж өөр нэг хүн. Ингээд цаашаа гинжин холбоогоор үргэлжилсээр бид энэ "шавар"-наас хэзээ ч гарахгүй мэт. Энэ бүгд хэзээ нэг цэгцрэх юм бол доо гэж ...

1 comment:

Anonymous said...

Crown Service-ээс авсан амаржин чинь хэр үр дүнтэй байсан вэ? Хэр удсан вэ? Надад бас яг хаанаас авах вэ? гэсэн асуулт тулгараад байна.