Энэ янзаар байвал ядрах төлөвтэй шүү. Шөнө суугаад, өглөө нь сайн унтаж чадахгүй. Гэхдээ энэ долоо хоногт ямар ч байсан гүрийж байгаад хэдэн юм сураад авнаа. Өнгөрсөн шөнө эхний хоёр хичээлд суугаад дараа нь өөр юм хийсэн, тэрийгээ өөр нэг бичлвэр болгоод оруулна.
Эхний сэдэв маань How do I fix an Ubuntu bug? байсан ба Daniel Holbach хөтлөн явуулсан. Сэдвийн гол зорилго нь цохыг хэрхэн засах талаар хүргэх байлаа. Бид Ubuntu-ийн цохнуудаас нэгийг сонгоод түүнийгээ хэрхэн засварлах, бас debdiff үүсгэх талаар суралцсан. Нээлттэй эхийн ертөнцөд та ямар нэг програмд өөрчлөлт, засвар хийсэн бол түүнийгээ diff буюу нөхөөс хэлбэрээр өгөх ёстой, энэ нь таны үүсгэсэн хувилбар өмнөх хувилбараасаа юугаараа ялгаатай вэ гэдгийг харуулж байдаг. Debian богцын хувьд өөрчлөлтүүдийг debdiff гэх форматаар өөрчлөлтүүдийг хадгалан авах ёстой бөгөөд жаахан ажиллагаа ихтэй. Бас launchpad дээрээс хялбар байж болох цохуудыг илрүүлж засах талаар суралцсан. Давгүй шүү.
Миний суусан сүүлийн сэдэв нь Introduction to BZR байсан ба David Futcher хөтлөн явуулсан. Хөгжүүлэгчдийн заавал хэрэглэх ёстой багажуудын нэг бол яах аргагүй хувилбар удирдах систем (Version Control System). Энэ багажын тусламжтайгаар та аль файлд хэзээ ямар өөрчлөлтийг яах гэж хийснээ хадгалах, хөтлөх боломжтой байдаг. Эдгээр системүүдийн эхний үед төвлөрсөн системүүд байсан ба та өөрчлөлтүүдээ хадлагахын тулд заавал тухайн системд холбогдох шаардлагатай байсан. Хэрэв та системд хандах боломжгүй байвал яах вэ? Бас дээрээс нь та системд хандах эрх авах хэрэгтэй. Өмнөхтэй ижил асуудлуудыг шийдэж, басхүү хөгжүүлэгчдэд илүү эрх чөлөө олгох үүднээс тархсан хувилбар удирдах систем (Distributed Version Control System) үүссэн. Тархсан систем дээр хөгжүүлэгч бүр өөрийн хэсэг системийг өөр дээрээ ажиллуулах бөгөөд хэнээс эрх авалгүйгээр бас ямар нэг холболтгүйгээр ашиглах боломжтой. Дээрээс нь тархсан систем нь нэгтгэх (merge) боломжийг их хялбаршуулсан байдаг тул өөрийн системд хадгалагдаж буй зүйлсийг хүнийхтэй нэгтгэх нь маш хялбар. Ийм системүүдийн нэг нь bzr бөгөөд Ubuntu-ийн үндсэн хувилбар удирдах систем гэж явдаг. Энэ хичээл дээр хэрхэн өөрийн агуулахыг (repository) үүсгэх, файл нэмэх, хасах болон өөрчлөлтүүдээ хэрхэн оруулж, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хэрхэн авах талаар үзлээ. Давгүй шүү.
Эдгээр сургалтуудад суугаад, зааж буй юмнуудыг нь туршаад байхад хөгжүүлэгч эсвэл тестлэгч болоход хялбар юм шиг санагдаад байх болж. Өмнө ч тестлэгч болох гэж олон удаа оролдож байсан ч залхаад хаячихдаг байсан, харин одоо дахиад нэг оролдоод үздэг юм билүү.
No comments:
Post a Comment