Зарим ажил мэргэжил, албан тушаал нь цагийн явцад, зах зээлийн шаардлагаар үүсэн бий болж, устан үгүй болдог бол зарим нь цаг хугацаанд шалгаран үлдсэн нь бий. Эхний ангилалд хамаарах, манай нийгэмд оршин байгаа албан тушаал бол VVIP буюу Very Very Important Person. Энэ мэргэжилд тавигдах шаардлага нь шат шатны цагдаа, мэргэжлийн хяналт, дүүрэг зэрэг төрийн албадуудад танилтай, нөлөөтэй байх. Ажил үүргийн хуваарь нь дээр дурдагдсан нөлөөгөө ашиглан тэдний ажлыг тасалдуулах замаар хуулийн үйлчлэлийг зогсоох. Хамгийн сонирхолтой нь ямар нэг ажил мэргэжийн ур чадвар эсвэл зэрэг шаардахгүй, ганц өмнөх ажлын туршлага л чухал.
Манай төрийн түшээд ард түмэндээ маш их хайртай. Үүнийх нь илрэл нь архи, согтууруулах ундааг хорих, хязгаарлах тухай хууль ба эрт харьж маргаашийн ажилдаа санаа тавихад минь тусладаг юм. Бусад эрх чөлөөт улсуудын адил би өөрөө өөрийгөө удирдаад, зав чөлөөгөө зохицуулаад явж болохгүй. Учир нь эрх чөлөөтэй байвал өөрийгөө жолоодож чадахгүй архичин болж магад. Үүнээс сэргийлэхэд, амьдралаа эрүүл саруулаар удирдан явахад мөн л дээрх хуулийн тус их. Гэхдээ энд нэг л юм биш. Би нялх хүүхэд биш, бас сэтгэцийн өвчтэй ч хүн биш. Би өөрөө өөрийгөө аваад явчих чадвартай, бас ухаантай хүн. Дээрээс нь эрх чөлөөт, ардчилсан улсын иргэн хүн. Яагаад би өөрөө өөрийгөө удирдаад авч явчих чадвартай, үүнийхээ хэрээр хариуцлага ч үүрэг чадвартай. Гэтэл яагаад хууль ингэж бидний эрхийг хязгаарлаж, төрийн түшээд маань миний амьдралыг шийдэлцэх гээд байна. Гэвч үүнд гарц бий. VVIP нь бидний булаагдсан эрхийг ажил үүргийнхээ дагуу эргүүлж олж өгнө. Бас бизнесийн ч ажиллах цагийг уртасгаж, ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Мэдээж энэ бүхэн нь стандарт бус буюу хууль бус аргаар хийгдэнэ. Ядаж байхад VVIP нь тухайн бизнесийн орших эс оршиход их нөлөө үзүүлэх тул эрэлт хэрэгцээ ихтэй, бүгд л нэг тийм "юм"-тай болохыг хүснэ.
Ардчилсан, эрх чөлөөт улсын иргэний хувьд би өөрийн амьдралын төлөө хариуцлага үүрч, хэрхэн авч явахаа өөрөө шийдэх эрхтэй байх ёстой. Төр нь бидний амьдралыг шийдэж өгөх биш иргэддээ амьдралаа тэтгэх эрх, боломжийг нэмэгдүүлэх ёстой. Гэтэл үүнийхээ эсрэгээр хийж, зохиомол эрэлт, зохиомол албан тушаалыг үүсгэх юм. Энэ бүхэн нь стандарт бус, хуулийн эсрэг, хар данстай бүхнийг услан тодордох бөгөөд нөгөө талаар энгийн иргэдийн нуруунд хүнд ачаа болон үүрэгддэг. Олон олон VVIP байдгийн зөвхөн нэгийг жишээ болгон бичлээ. Эцэст нь VVIP-ний эрэлт байхгүй эсвэл бараг үгүй болсон цагт л бид сайхан, энх тунх амьдрах боломжтой гэж ....
No comments:
Post a Comment