2008-09-13

Сонголт: majordomo vs. ecartis

Аль дээрээс хойш mailing list үүсгэх, гэхдээ бүр олон домэйн дэмжлэгтэйг үүсгэх хэрэг гараад байв. Хэсэг судалж байгаад л шаардлагатай биш болохоор нь орхичихоод байв. Юуны өмнө цахим шуудангийн сервер маань суусан, тохиргоо хийсэн бас хэвийн ажиллаж байгаа. Эхний сонголт маань Mailman байсан боловч олон домэйн дэмжих бараг боломжгүй гэж байсан болохоор хасав. Хэсэг интернэтээс судалгаа хийсний дүнд majordomo эсвэл ecartis гэсэн хоёр сонголттой үлдэв.

Эхлээд ecartis-г нарийвчлан судлав. Вэбийг нь орж үзвэл хамгийн сүүлд 2003 оны 5-р сард шинэчлэгдсэн байх юм, Тэгэхээр тэр цагаас хойш бараг шинэ хувилбар гаргаагүй гэсэн үг. Хэрэв програм хангамж нь удаан хугацаанд шинэ хувилбар гаргаагүй байвал нэг бол хэт сайн бичигдсэн нөгөө бол хөгжүүлэлт нь зогсож, орхигдсон гэсэн үг. Тиймээс тэдний mailing list руу шагаж үзвэл одоог хүртэл идэвхитэй ажиллаж байгаа ба вэбийн мэдээлэл нь шинэчлэгдэхгүй байна гэсэн нь орхигдсон гэсэн үг биш гэсэн хариуг өгөв. Ecartis нь нээлттэй эхийн програм хангамж тул apt-get install ecartis гэх энгийн тушаалаар суулгаж орхилоо. Үүнийхээ дараагаар олон домэйн бүхий mailing list үүсгэхээр оролдсон боловч гарын авлага болон бусад туслах материалууд хангалттай олдоогүй тул түр хойш тавихаар шийдсэн юм.

Яг үнэндээ эхлээд majordomo-г судалсан боловч нээлттэй эхийн програм хангамж биш тул орхисон байсан юм. Гэвч ecartis-ийн туслах материал олдож муутай байсан тул эргээд ирлээ. Юуны өмнө лицензийг нь үзвэл миний ашиглах гэж байгаа зорилгод хязгаарлалтгүй ашиглаж болохоор байсан нь их таалагдав. Үүнийхээ дараагаар majordomo-г хаана хэрэглэдэг талаар багахан судалгаа хийхэд Debian, OpenBSD, Postfix гэх мэт олон давгүй сонголтууд гарч ирсэн нь таалагдав. Ecartis-ийн хувьд иймэрхүү томоохон зүйл олж чадаагүй юм. Ийнхүү majordomo-г өргөн хэрэглэдэг байх нь гарын авлага, туслах материалуудын олдоц сайн байгааг илтгэх бөгөөд хайлтын үр дүнд хэд хэдэн сайн гарын авлага олж авлаа. Бас энэ нь давгүй ажилладаг, асуудал бага гэснийг илтгэх болов уу. Хэдийгээр суулгахад гар ажиллагаа их орох ч гэсэн би majordomo-г сонгон суулгалаа.

Хэрэв ганц домэйн дээр ашиглах бол Mailman маш давгүй сонголт. Хамгийн гол нь нээлттэй эхийнх. Учир нь ямар нэг асуудал гарвал эх кодыг нь үзэх, өөрчлөх нь нээлттэй гэсэн үг. Бас олон хүн ашигладаг, тусламж үзүүлэх боломжтой байдаг. Бас суулгах, тохируулах, ер нь аваад явахад хамаагүй хялбар. Даанч олон домэйний дэмжлэг байхгүй болохоор сонголтоос хасагдсан. Ер нь ямар нэг зүйл хийхэд олон сонголт байдаг, сонголтоо хийхдээ юунд анхаарах талаар л өгүүлэх гэсэн юм.

No comments: