5 хоногийн турд үргэлжилсэн Ubuntu Developer Week дөнгөж сая хаалтаа хийлээ. Би өөрийн суусан эхний болон хоёрдугаар өдрүүдийн талаар мэдээлсэн, харин гурав дээр эхлүүлээд ядраад харьсан, дөрөв дэх дээр нь бүр шагайсангүй. Харин өнөөдөр 5 дахь өдрийн сэдвүүдийн ихэнх дээр нь суулаа, тэнд нь миний сонирходог зүйлс байсан юм.
Эхний сэдэв нь Ask Matt байсан ба Matt Zimmerman хөтлөн явуулсан. Matt Zimmerman нь Canonical-ийн техникийн албаны даргаар ажиллахын хажуугаар Ubuntu-ийн техникийн зөвлөлийг толгойлдог юм байна. Өмнөх сэдвүүдийг бодвол урьдчилсан төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу биш харин түүнээс асуулт асууж, хариулт авах хэлбэрээр үргэлжилсэн юм. Хамгийн эхний асуулт нь LTS буюу урт хугацаанд дэмжигдэх хувилбаруудын чанарыг хэрхэн сайжруулах талаар асуулаа. Ubuntu нь 6 сар тутам шинэ хувилбар гаргадаг бөгөөд 2 жил тутамд урт хугацаанд дэмжигдэх хувилбар гаргахаар төлөвлөсөн байдаг. Энэ хувилбар нь бусад хувилбаруудаа бодвол 18 сарын хугацаанд бус хэрэглэгчийн хувилбар нь 3 жил, серверийн хувилбар нь 5 жилийн дэмжлэг авдаг юм. Хүмүүсийн хамгийн их сонирхолыг татаж байсан асуудал нь Oracle, IBM, SAP зэрэг томоохон компаниудын дэмжлэг хэзээнээс орж ирэх талаар байсан. Ubuntu нь одоогийн байдлаар Sun болон IBM компаниудтай хамтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнийгээ өргөтгөх талаар ихээхэн ажил хийж байгаагаа хэлж байлаа. Дээрээс нь хөгжүүлэлтийн багажуудаа ерөнхийд нь стандартчилсан, цаашид сайжруулж байгаагаа хэлээд 9.04-т нэлээн зүйл хийгдэхээр төлөвлөгдөж байгаа гэлээ.
Дараагийнх нь цэвэр хөгжүүлэлт, тест хийх талаар байсан ба Unit testing Python code, with code coverage measurement нэртэйгээр Lars Wirzenius хөтлөн явуулсан. Тэрээр Test Driven Development (TDD) гэх аргачлалыг python хэл дээр бичигдсэн програмаар жишээ аван үзүүлсэн юм. Түүний хэлснээр TDD-ийн гол зарчим нь эхлээд тест хийх аргачлал, нөхцөл болон багажаа хөгжүүлэх ба түүнийхээ дараагаар түүндээ нийцүүлэн, түүнд тэнцэхүйц програм хөгжүүлдэг гэнэ. Ингэхдээ тухайн хэлний онцлогт таарсан нэгжийн тест хийх багажыг ашиглах бөгөөд тухайн програм хангамжийн нэгжийн оролтод мэдээлэл өгч, түүний гаралтыг харьцуулах замаар тест хийдэг байна. Миний хувьд гол зарчим болон дараа хэрэглэхэд хэрэгтэй мэдээллийг олж авах зорилготой байсан тул төдийлөн анхаарсангүй.
Миний хамгийн сонирхож байсан Introduction to the Ubuntu Security Team сэдвийг Ubuntu аюулгүй байдлын багийн гишүүд болох KeesCook, JamieStrandboge нар хөтлөн явууллаа. Энэхүү баг нь Ubuntu дахь аюулгүй байдлын цоорхойг засварлах, урьдчилан сэргийлэх болон аудитыг хийдэг байна. Юуны өмнө аюулгүй байдлын асуудал нь launchpad эсвэл CVE-д мэдэгддэг байна. Үүнийхээ дараагаар тэд баг дотроо ярилцахаас гадна тухайн програм хангамжийг зохиогч эсвэл бусад тархацын хөгжүүлэгчидтэй зөвлөлддөг гэнэ. Эцсийн дүнд нь засварыг гаргаж, түүнийгээ сайтар тестлэсний дараа л хэрэглэгчдэд хүргэдэг байх нь. Мөн тэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс санах ойн хамгаалалт болон apparmor, selinux зэрэг багажуудыг Ubuntu-д нэвтрүүлэх ажлыг хариуцдаг байна. Ubuntu 8.04 хувилбараас эхлэн ufw буюу Uncomplicated Firewall гэх програм хангамж орж ирсэн бөгөөд энэ нь iptables-г ашиглахад хялбар болгож өгсөн байгаа. Надад лав их таалагдсан. Энэ мэт олон талын арга ажиллагаа, ашиглагддаг багажуудын талаар цөөн хүнтэй боловч сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Дээрээс нь NX emulation бусад энд байгаа бүх хамгаалалтууд сүүлийн хувилбарт орсон байгаа гэсэн. Өмнөх хувилбаруудад ихэнх нь байгаа. Нээрээ энэ сэдвийн өмнө Introduction to the Installer Team сэдвийг EvanDandrea хөтлөн явуулсан нь оролцоогүй.
Энэ өдрийн сүүлийн сэдэв нь Kernel Discussion байсан ба цөмйн хөгжүүлэгч Ben Collins хөтлөн явуулсан. Ерөнхийдөө одоогийн хөгжүүлэлтийн хувилбарт орсон 2.6.27 цөмийн талаар болон бас бус зүйлсийн талаар товч яриад өндөрлөж. Цөм нь өмнөх сэдвүүдийн адил хэн бүхний сонирхоод оролцож болдог, хийж чаддаг зүйл биш болохоор оролцоо жаахан тааруу байлаа. Ямар ч байсан ирэх хувилбараас эхлэн гадны цөмийн модулиудыг байгуулахдаа, суулгахдаа dkms гэх технологийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь цөмийн хөгжүүлэгчдийн ажлыг маш ихээр хөнгөвчилж байна гэнэ. dkms нь Dell корпорацийн бүтээл юм байна, тэд анх ATI болон NVIDIA зэрэг гадны модулиудын асуудлыг хялбарчлах үүднээс хөгжүүлсэн нь ийнхүү олны таашаалд нийцсэн байна. 2007 онд англид явж байхдаа Ben-тэй уулзаж зарим нэг асуудлын талаар ярилцаж байсан, их давгүй залуу байсан гэж.
За ингээд өндөрлөж байх шиг байна. Өмнө нь нэг хичээлд хальт сууж байхад хичээлийн үндсэн агуулга, асуулт болон хариулт нь холилддог байсан бол энэ удаад #ubuntu-classroom-chat дотор асуултыг авч байсан нь хичээлийг илүү үр дүнтэй болгосон. Хичээлийн явцад миний бие их зүйлийг сурч, ойлгож авснаас гадна хөгжүүлэлтийн 8.10 хувилбар руу шилжээд амжсан байгаа. Миний бодлоор монголчууд бид зөвхөн нээлттэй эхийн хэрэглэгч биш хөгжүүлэгч болоход их анхаарах хэрэгтэй юм шиг. Жишээ нь нээлттэй эхийн програм хангамжийн хөгжүүлэгчид бусдыгөаа бодвол илүү нээлттэй, багаар ажиллах чадвартай, олон төрлийн хөгжүүлэлтийн багажуудыг эзэмшсэн гээд маш олон давуу талтай байдаг. Энэ талаар жич нэг юм бичнээ.
No comments:
Post a Comment