Би хувьдаа програм хангамжийг шавхагдашгүй нөөц гэж үздэг. Програм нь хийсвэр учир хэдэн мянга хувилж тараасан ч шавхагдаж дуусахгүй, ширгэж алга болохгүй. Ийм болоод ч тэр үү програм хангамжийг ширхэгчлэн худалдахыг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Харин үүний эсрэгээр програм хангамжийг боловсруулж, хөгжүүлж хүмүүс буй басхүү хөгжүүлэхэд ашиглагдаж буй нөөц маань хязгаарлагдмал гэдгийг ойлгож үнэлдэг. Өөрөөр хэлбэл та програм хангамжийн ширхэг болгоноор биш харин тэрхүү хүний ажилласан цаг, мэдлэг, чадвар, туршлага зэргийг үнэлж төлбөр хийнэ гэсэн үг. Энэ л нээлттэй эхийн хөгжүүлэлтийн үндсэн зарчим.
Програм хангамжууд шинээр төрж бас мөхөж байдаг. Мөхлийн шалтгаан нь нөгөө л нэг хөгжүүлэлттэй холбоотой нөөцийн хязгаартай холбоотой. Ихэнх тохиолдолд хөгжүүлэгч нь програм хангамж үүсгээд, түүнийгээ хөгжүүлээд шинэ шинэ хувилбарууд гаргаад явдаг. Тэрээр хувилбар бүрийг тордоод, засварлаад явахыг оролдох боловч мэдлэг чадвар, цаг хугацаанаас хамааран ихэвчлэн сүүлийн хувилбарыг л сайн тордож чаддаг. Жишээ нь, ямар нэг програм хангамжид аюулгүй байдлын цох илэрэхэд түүнийг илрүүлсэн болон хамгийн сүүлийн хувилбарт засахад хялбар байдаг. Зарим тохиолдолд хөгжүүлэлтийн явцад томоохон өөрчлөлт орсноос болж засвар хийх нь маш хүнд, эсвэл бүр боломжгүй болсон байх нь бий. Програм хангамжийн дэмжлэгийг гэнэт хаяхгүй, мөн хэрэглэгчдэд тодорхой баримжаа өгөх үүднээс ихэнх програм хангамжууд End Of Life гэж юмыг мөрддөг. Өөрөөр хэлбэл таны ашиглаж байгаа програм хангамж тань тэдий болтол дэмжигдээд засвар хийгдээд явна гэдгийг нь хэлж өгнө гэсэн үг. Жишээлбэл, OpenBSD, Fedora маань зөвхөн сүүлийн 2 хувилбарыг дэмжиж ажилладаг. Харин Ubuntu-ийн хувьд 18 сар буюу жил хагасын хугацаанд дэмжиж ажилладаг. Гэхдээ LTS (Long Term Support) буюу урт хугацааны дэмжлэгтэй хувилбар байх ба энэ нь хэрэглэгчид 3 жил, серверт 5 жилийн хугацаанд дэмжлэг авч явдаг. Зарим нэг өндөр түвшинд эсвэл өргөн хүрээнд хэрэглэгддэг RHEL (Redhat Enterprise Linux), SLES (SuSE Enterprise Linux), Windows үйлдлийн системүүд нь илүү урт хугацаанд дэмжигдэж ажилладаг.
Системийн администратор нь ямар нэг систем сонгохдоо End Of Life-ыг үргэлж харгалзан үзэж байх хэрэгтэй, эс тэгвээс дэмжлэггүй системтэй хоцрох эсвэл багахан хугацааны дараа системийг солих "нэмэлт" ажилтай хоцроно. Анхааруулахад Ubuntu 7.04 хувилбарын дэмжлэгийг 10-р сарын 19-ны өдрөөр тасалбар болгох гэж байгаа тул хэрэв та энэ хувилбарыг ашигладаг бол энэ өдрөөс өмнө шинэ хувилбар руу шилжүүлэх хэрэгтэй. Сонирхуулахад ийнхүү дэмжлэг нь дууссан, хөгжүүлэлт нь зогссон боловч ажиллагаанаас хасч болдоггүй, ажиллаж л байдаг системийг "legacy" систем гэж нэрлэдэг.
No comments:
Post a Comment