Google корпораци өөрийн вэб үзэх програмыг бүтээж түүндээ Chrome гэж нэр хайрласан. Өчнөөн олон вэб үзэх програмууд байхад шинийг бүтээх болсон шалтгаанаа одоо байгаа хэдийг бүтээгдэхэд вэб маань өнөөдрийнх шиг хурдан ажиллагаа бас аюулгүй байдлыг шаардаж байгаагүй, үүнийг сайжруулж шинэ түвшинд авчрах гэсэн гэдгээр тайлбарласан. Бүтээгдэхүүн танилцуулах зурагт номноос харж байхад тэд хэрэглэхэд хялбар бас хурдан ажиллагаанаас гадна, аюулгүй бөгөөд найдвартай ажиллагаанд илүү анхаарал хандуулсан юм шиг санагдсан. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа ихэнх вэбийн програмууд бүх ажиллагаагаа нэг процесс дотор явуулдаг, энэ нь санах ойн нэгдсэн орон зайтай гэсэн үг. Нэгдсэн байх нь нэг талаасаа санах ойд хэмнэлттэй боловч програмчлахад хэцүү, бас нэг ажиллагаа нь нөгөөдөө нөлөөлөх аюултай байдаг. Бас нөгөө талаасаа хувьсагчийн хүрээ болон хандах эрхийн сайн тавьж өгөхгүй бол аль ч үйл ажиллагаа нь нөгөөгийнхөө мэдээллийг задлах аюултай байдаг. Ер нь л арай хэцүү. Харин Chrome нь Tab бүрдээ тус тусын процессыг ажиллуулах, бас бус зүйлсэд өөрийн гэсэн процесс ашиглах загварчлалыг сонгосон бөгөөд хэдийгээр санах ой их эзлэх ч гэсэн тэдгээрийн үйл ажиллагаа нь тусдаа учир бие биенийгээ ажиллагаанд нөлөөлөх боломжгүй болох юм. Бас процессын ажиллагаа доголдоход дангаар доголдох тул найдвартай ажиллагаа ч сайжирна. Өөр нэг жишээ болгож авсан зүйл нь тус тусдаа процесстой байх нь санах ойн хаягдлыг багасгаж урт хугацааны явцад өмнөх загвараасаа илүү бага санах ой хэрэглэж байж болзошгүй байна. Энэ мэт аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг авч байгаа нь олон аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд таашаагдаж байгаа. Бас хэрэглэгчийн нууцлалыг хангах үүднээс incognito гэх горимыг оруулж өгсөн ба энэ горимын үед хэрэглэгчийн талаар ямар ч мэдээллийг вэб-д өгөхгүйгээс гадна, хэрэглэгчийн түүхийг ч хадгалж авахгүй юм байна.
Гэвч "тар" нь эхнээсээ танигдаж эхэллээ. Chrome нь бүхнийг шинээр хийхгүй үүднээс Apple-ийн Webkit гэгч бүтээгдэхүүн дээр суурьлан хийгдсэн байдаг. Гэвч тэд хамгийн сүүлийн биш харин хуучирсан бас цоорхойтой Webkit 525.13 хувилбарыг авч ашигласан нь carpet-bombing гэх халдлагыг боломжтой болгосон байна. Энэ цоорхой гарсан өдөр нь л илэрсэн. Өнөөдөр бас Chrome-ийг бүхэлд нь ажиллагаанаас гаргах цоорхой илэрсэн байна. Энэ нь хөгжүүлэгчдийн ярьж байсан шиг асуудал гарвал тухайн процесс ажиллагаанаас гарч, бусад нь ажиллаж байна гэсэн амлалтаас зөрж байгаа юм. За мэдээж шинэ гарсан шинэ бүтээгдэхүүн болохоор ч тэр үү эсвэл аюулгүй байдлын өндөр хамгаалалттай гэж зарласан болоод ч тэр үү маш олон хүн цоорхой илрүүлэх гэж оролдож байх шиг байна. Хэдийгээр эхний хэд хоног нь тийм ч сайнгүй өнгөрч байгаа ч нээлттэй эхийн програм хангамж тул дороо олон хөгжүүлэгч татаад, цоорхойнуудаа бөглөөд бас их хурдан хөгжөөд явчихна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Жилийн дараа ямар болсон байх бол гэж бодохоор л ...
No comments:
Post a Comment