2006-06-24

Эрчүүд гологдож байна :(

Монгол эрчүүд гологдож байна гэж үү? Испани явах замд Москвагийн буудал дээр олон монгол хүмүүстэй тааралдаж, хамтдаа цагийг нөхцөөж, ярилцаж суусан юм. Гэтэл ихэнх нь бүсгүйчүүл байснаас гадна хэд хэд нь гадаад хүнтэй сууж байгаагаа ярьсан юм.

Юугаараа гологдож байна вэ? Тэдний ярианаас харахад монгол эрчүүд, ялангуяа залуучууд, ирээдүйдээ нэх их санаа зовдоггүй, урсгалаараа явдаг. Өөрийн мэргэжил, боловсролд анхаарал тавихгүйгээс гадна архи, тамхи их хэрэглэдэг. Мөн дээрээс нь гэр орныг удирдаад авч явах чадвар муу, халамж муу, хариуцлага хүлээдэггүй гээд ярих юм их байна лээ. Сүүлдээ тэдний дунд ганцаараа болсноор тэр бүгдийг сонсоход улам бүх хэцүү болж байсан.

Яагаад? Тэдний ярьж байгаа нь оргүй биш ортой, бид мэдэхгүй биш мэдэж байгаа. Өнөөдөр монголын нийгмийн хамаг л ачааг эмэгтэйчүүд үүрч байна, тэд гэр бүлээ тэжээж, цаашдын амьдрал ирээдүйн төлөө эрчүүдээс илүү ихээр санаа зовж байна. Илүү өндөр боловсролтой болж, боловсрол муу монгол эрчүүдээ голдог болж байна. Мэдээж хэдэн гайгүй бүсгүйчүүл нь гадагшаа гараад монголдоо үлдсэн хэд нь бидэнд оногдож байна. Бид өнөөдөр олсон хэдэн бороо болж байна гэж бодож, олсныхоо хэрээр зарцуулж, ихэнхдээ бүр давуулан зарцуулна гээч. Их ууна, шоудна.

Гэхдээ бид өөрсдөөсөө алдаа, дутагдал хайхаасаа өмнө нийгэмдээ хамаг буруугаа тохчихоод өөрийн талаар бодолгүй, буруугүй мэт тайвширдаг. Нийгэм бидний амьдралыг өөрчлөж байна уу эсвэл бидний амьдрал нийгмийг өөрчилж байна уу? Бодох л асуудал.

Бид амьдралдаа хариуцлагатай хандаж, өөрсдийгөө хөгжүүлж, бүсгүйчүүдээ хайрлах цаг ирсэн мэт санагдах юм. Цаашид ингэж гологдсоор, монгол бүсгүйчүүдээ алдсаар байх уу? Хэдий болтол нүд нь балай, чих нь дүлий явах вэ? Лав миний сэтгэл их зовниж байна.


ЭРЧҮҮДЭЭ ЦААШИД ГОЛОГДСООР БАЙХ УУ?

No comments: