Монгол Улсад тодорхой хэмжээнд юникс төст үйлдлийн системүүдийг мэддэг, ашигладаг боловч тэдгээр хүмүүс тэр бүр бие биеээ мэдэхгүй, хоорондоо холбоо муутай байдаг юм шиг надад санагддаг. Эсвэл тодорхой хүрээнд л нэг нэгийгээ мэддэг, туршлага хуваалцдаг.
Өөрт шинэ мэдээлэл олж авах, http://www.unix.mn сайт дээр мэдээ оруулах зорилгоор баахан сайтуудаар хэсч явахдаа өнөөдөр бидний зохион байгуулдаг Unix Beer Party маягийн арга хэмжээг зохион явуулдаг, багагүй амжилттай болдог, ашиг тусыг нь хүртэж байгааг олж мэдсэн. Ер нь монголд байгаа юникс төст систем сонирхогч, хэрэглэгч нарыг хооронд нь уулзуулж, туршлага солилцуулж, ийм төрлийн арга хэмжээг яагаад зохион байгуулж болохгүй гэж?
Анхны арга хэмжээг 2006 оны 1-р сарын 5-ны өдөр 19 цагаас Modern Nomads ресторанд 18 оролцогчтойгоор амжиллтай зохион байгуулсан, сар бүр явуулж байх нь зүйтэй гэдэг шийдийг гаргасан. Үүнээс хойш сар бүр зарлаж, зохион байгуулсаар байгаа. Тийм сүртэй овоож оцойгоод байхаар амжилт байхгүй боловч анх эхэлж байгаагийн хувьд мөн шинэ тутам шинэ хүн нэмэгдэж, санал санаачлага нэмэрлэж, бас цөөнгүй хүнд хүрсэнд урамшдаг.
Цаашид оролцогсод маань ямар нэг ажлыг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгох тал дээр илүү анхаарч, илүү үр бүтээлтэй ажиллах саналыг илүүтэйгээр тавих болсон. Үүний нэг жишээ бол монголын анхны Linux Install Fest. 2006 оны 3-р сарын үдэшлэгт оролцогсод бүгд маш санаачлагатай, идэвхитэй оролцсон. Мөн өөр олон ажлыг ярилцаад, төлөвлөөд байж байгаа, нэг л өдөр ажил хэрэг болно.
Миний хувьд шинэ, сонирхолтой хүмүүстэй танилцах нь таатай байдаг. Дээрээс нь өөрийн үзэл бодол, сурсан мэдсэн зүйлс, туршлага, шинэ соргог мэдээллийг хүмүүстэй хүргэх мөн тэдэнд тулгардаг бэрхшээлүүд, бодол санаа, шинэ зүйлсийг хуваалцах нь их чухал санагддаг. Найзуудтайгаа суугаад системийн талаар ярих гэхээр тэд ойлгохгүй, харин энэ л өдөр ирж мэргэжил, сонирхол нэгт нөхдүүдтэйгээ ярилцах нь бас нэгэн кайф.
Бид хамтдаа ихийг бүтээж чадна гэтэг би итгэдэг.
ДЭМ ДЭМЭНДЭЭ
ДЭЭС ЭРЧИНДЭЭ
No comments:
Post a Comment