2006-06-24

Аян зам

Өчигдөр өглөө 8:30-д нисэх байсан тул 6 цагт эртлэн босч бэлтгэлээ базаан Чингэс Хаан нисэх буудлыг зорилоо. Манай нисэх буудал дээр WiFi холболтууд байх боловч алийг нь ч ашиглах гээд чадсангүй. IP зүгээр авч байна, гэвч ямар нэг юм үзэх гэхээр гарахгүй. Дээрээс нь WiFi эсвэл HotSpot гэсэн тэмдэглэгээ байхгүй нь хачирхалтай. Олон жуулчин ирж байна, уг нь интернэтээ төвөггүй ажилладаг болгочихвол сайнсан.

Москвад ирж гаалийнханд багагүй хугацаагаар саатуулуулан, бас багагүй байцалтанд орлоо. Яах гэж яваа, хэр удах гэх мэт хэрэггүй асуултууд асууж байлаа. Өмнө нь Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд сурч байсны ач гарч асуултуудад төвөггүй хариулахаас гадна нутаг нэгт монголчууддаа орчуулга хийж өглөө. Нислэг 6 цаг гаран үргэлжилсэн тул багагүй ядарч, мөн 7 цаг гаран нисэх буудал дээр саатлаа. Бүх зүйлс үнэтэй санагдаж, монголчуудтайгаа элдвийг ярилцан цагийг нөхцөөлөө.

Ромд ирэхэд хүмүүс, уур амьсгал шал ондоо. Москваг бодвол хүндрэл багатай их хялбар дамжин өнгөрлөө. Энд 1 хүрэхгүй цаг саатах байсан тул цаг давчуу олон зүйл сонирхож амжилгүй шууд л дараагийн онгоцонд суулаа. Наашаа 3 цаг гаран нислээ.

Хоёр цаг орчим ниссэн байхаа тэгээд Барселонд ирж хүрэх газар маань ойртсоор. Барселонд ирээд цаг хартал Монголоос гарснаас хойш нийт 22 цаг орчим аялсан байлаа. Эдээс цааш Vilanova ila Geltru гэдэг газар очих байсан юм. 23 цаг өнгөрч онгоц газардсан тул автобус байхгүй харин такси 150 евро ч гэх шиг асар үнэтэй.

Учраа олохгүй баахан төөрөлдөж ер нь өглөө болтол хүлээхээр шийдээд байж байтал мөн адил GUADEC рүү явж байгаа 4 залуутай тааралдаж замын зардлаа хуваалаа. Гэхдээ л 40 евро. Чанга.

Vilanova-д иртэл эндэхийн галын баяр бололтой баяр болж хаа сайгүй пис пас хийлгэж салют буудуулж, чанга чангаар орилцгоож байлаа. Тосч авсан залуу далайн эрэг рүү үдэшлэг рүү явахыг санал болголоо. Гэхдээ буцах сонголт өгөөгүй юм. Үнэндээ 22 цаг аялсан байсан тул маш их ядарч байлаа.

Өмнө далай үзээгүй байсан тул бас сонирхолтой санагдахаас гадна сонголтгүй учир явлаа. Хаа сайгүй машинууд, орилсон, халсан хүмүүс, пис пас хийх чимээ. Далайн ус бүлээхэн, их таатай. Замд танилцсан хэдэн залуутай хамт нэг нэг пиво уугаад GNOME Village руу явлаа.

Монголоос гарснаас хойш 26 цаг гаран явж байж байрлах газраа очлоо. Ядарч байна гэж жигтэйхэн. Унтаж амрах минь. Одоо эндэхийн цагаар шөнийн 3 болж байна. Гэвч өглөө эрт 7 өнгөрч босох хэрэгтэй.

GUADEC - The GNOME conference

2 comments:

biligt said...

Такси дээр сайхан хэмнэсэн байна шүү. Пиво сайхан байсан гэж бодож байна :)

Unknown said...

Хэ хэ Дөлөөгийн баруун этгээдэд зорчсон тэмдэглэл сонирхолтой байна шүү...