Олон сарын өмнөөс өөрийн блогийг үүсгэх санаа төрч энд (blogspot) данс нээсэн боловч ямар нэг зүйл бичилгүй их л удлаа. Одоо болно, залхуурч хойш суухаа больё. Би хийхгүй бол хэн хийх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?
Миний нэр Сүхбаатарын Дөлмандах, 1984 оны намрын нэг өдөр энэ хорвоод ээж аавын ууган хүү болж мэндэлсэн. 1998 онд анхны компьютерийг авахуулснаар мэдээллийн технологи, нээлттэй эх, линукс гэх мэт өнөөдрийн амьдралын салшгүй хэсгүүдийг өөртөө нээж олсон.
2000 он шиг санаж байна интернэтээр мэдээ үзэхлээр нээлттэй эх, линукс гэсэн зүйлс миний анхаарлыг их татсан. Өөрөө програмуудаа өөрчлөн, өөрөө өөрийн үйлдлийн систем, програм хангамж үүсгэнэ гэхээр их сонирхолтой, боломжтой санагдаж мөн дээрээс нь IDC, Gartner гэх мэт судалгааны компаниудын ирээдүйг зөгнөсөн судлагаанууд энэ замыг сонгоход маш их нөлөөлсөн. Ингэж миний амьдралд линукс, нээлттэй эх гэж зүйлс орж ирсэн.
2003 оноос OpenMN багт орж, эх орноо гэсэн сэтгэлтэй, урам зориг дүүрэн залуустай интернэтийн сүлжээг ашиглан хамтран ажиллах болсон. Энэ миний хувьд маш гоё үеүүд байсан. Бидний чин хүслэн бол Монгол Улсаа хөгжүүлэх, чадах чинээгээрээ өөрийн хувь нэмрийг оруулах. Жилийн хугацаанд GNOME дэлгэцийн системд МОНГОЛ хэлээ албан ёсоор багтааж чадсан. Монгол гэдэг нэрийг дэлхий дахин өөр нэг сэжимээр таниулсан.
2004 онд сургуулиа төгсч "НэтСофт"ХХК орж системийн админ, системийн инженерийн ажлыг 2 жил орчим хугацаанд хийхдээ FreeBSD, юникс ер нь бүх талын мэдлэгээ баталгаажуулж, маш их зүйлсийг сурч, мэдэж, ойлголж авсан. Өндөр шаардлага тавьж, үргэлж шахаж, шаардаж байсан захирал Ч.Анарт баярлалаа. Шаардлага өндөртэй газар л хүн өөрийгөө дайчилж, их зүйлийг сурдаг болохыг ойлгосон. Гэвч миний өмнө мэдлэгийн маш том далай байна, чадлынхаа хэрээр хүртэнэ ч, түгээнэ ч.
2000 оноос тодорхой хэмжээгээр хэрэглэж байсан ч 2004 оноос нээлттэй эхийн програм хангамж нь миний өдөр тутмын хэрэглээ болжээ. 2006 оноос эхлэн огт Windows ашиглахаа больсон. Өнөөдөр нээлттэй эхийн програм хангамж, линукс, BSD системүүдгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болжээ.
Энд би та бүхэнтэй өөрийн үзэл бодол, мэдлэг, мэдээллээсээ хуваалцах гэсэн юм.
ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ.
No comments:
Post a Comment