2006-06-28

Sysadmin summit

Хоёр жилийн өмнө NetSoft-д ажилд орсноор сисадмин гэдэг зүйлийг гараар хүрч, мэдэрч үзсэн. Өмнө нь системийг хариуцаж ажиллаж үзэх юмсан гэж маш их хүсдэг, шохоорхдог байж билээ. Үнэхээр дуртай байсан болоод ч тэр үү цаг наргүй сууж, элдэв зүйлс уншин, багагүй туршилт хийдэг байсан. Тэгээд энэ ажлыг 2 жилийн турш хийсний эцэст NetSoft-т орхисон. Үнэхээр гайхалтай ажил.

Ямар нэг системийн найдвартай ажиллагааг хангана гэдэг тийм ч амар ажил биш болохыг олж мэдсэн. Суулгана, тохируулна, ажиллана :). Харин ямар нэг юм нь болохоо болиод, ажиллахаа болихлээр ёстой там. Бүр яаж янзлахаа мэдэхгүй, цаг дачуу бол үхмээр л санагдаж байлаа. Гэхдээ л болгоод л байдаг байсан, байсхийгээд л Микомын серверийн өрөө рүү гүйнэ.

Үнэндээ би сайн сисадмин биш, гэхдээ эргэн тойронд, Монгол Улсад маань туршлага нимгэн, чадвар доогуур хүмүүс байсаар байна, мэдээж үүнээс болж маш олон эрх хөндөгдөж байна. Би үүнийг харсаар юу ч хийж чадахгүй, юу ч өөрчилж чадахгүй гэж үү?

Үгүй, би бас та бүхэн үүнийг өөрчилж чадна. Харин яаж? Бид уулзаж, нэг нэгтэйгээ танилцаж, туршлагаасаа хуваалцаж байж нэг нэгийгээ илүү сайжруулж, нэг нэгэндээ тусалж, хамтдаа ихийг бүтээж чадна. 7-р сарын 28-нд сисадминуудад талархах өдөр гэж дэлхий дахин тэмдэглэдэг байх юм, энэ өдөрт зориулж өгөөжтэй арга хэмжээ зохиомоор байна.

Сисадминуудын чуулга уулзал буюу sysadmin summit-г зохиомоор байна. Энэ дээр өнөөдөр чухлаар тавигдаж байгаа сэдвүүдээр илтгэл тавьж, бусадтайгаа танилцаж, туршлагаасаа хуваалцмаар, хуваалцуулмаар байна. Бид хамтарч, нягтарч байж л ихийг бүтээж чадна. Ингэж байж гэмээнэ бид хамтдаа хөгжинө, сайжрана, өрсөлдөөн үүсгэнэ. Өрсөлдөөн - Маш сайн зүйл.

Одоогоор би Испанид хуралд сууж байна, очиж байгаад зохион байгуулалтыг ажилдаа орно. Хамгийн хүнд асуудал бол санхүүжилт олох. Та бүхний надад тусалж, дэмжиж ажиллана гэж бодож байна.

ТИЙМ, БИД ЧАДНА

No comments: