Нээлттэй эх гэдэг нь товчхондоо бол програмыг бичсэн эх код буюу түүний яаж ажилладаг нь хэн бүхэнд нээлттэй, бас түүнийг нь хэн ч судлах, өөрчлөх боломжийг олгосон хөгжүүлэлтийн загварыг хэлдэг. Харин хаалттай хөгжүүлэлтийн хувьд бол тэрхүү програм хэрхэн ажилладаг, хэрхэн хийгдсэн нь хийсэн хүний л мэдэлд байхаас хөндлөнгийн хүн харж үл болно, зөвхөн ажиллуулж л болно. Хэдийгээр харахад эх код нээлттэй байх үгүй нь жижиг асуудал мэт боловч манайх шиг хөгжиж буй, ирээдүйд МТ-ийг хөгжлийн түлхүүр гэж тодорхойлсон улсын хувьд асуудал арай өөр юм. Хөгжингүй улсуудын хувьд зардал хэмнэх, нэг нэгээсээ хараат бус байх зорилгоор ихэвчлэн нэвтрүүлж хөгжүүлж байгаа. Гэтэл миний нүдээр, манай орны хувьд бүр илүү чухал үзүүлэлт мэт санагддаг юм.
Аутсорсинг хийхэд хүний нөөц үнэхээр дутагдалтай байна. Хүмүүстэй ярилцаж байхад ялангуяа аутсорсингийн бизнес эрхэлж буй хүмүүстэй ярилцаж байхад ажил олох боломжтой боловч энд авчраад хийх хүний нөөцийн асуудал үнэхээр дутмаг талаар бүгд ярьдаг. Хэд хоногийн өмнө АНУ-д байхдаа Баатар ахтай, мөн ирчихээд Жагдагтай ярилцаж байхад Монголд байгаа баг маш сул учир эндээс ажил аваад, чанартай хамгийн гол нь хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй гэж хэлж байсан нь тодхон санагдаж байна. Энэ л манай мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын хөтөлбөр, арга барил нэг биш байгааг илтгэнэ. Миний бодлоор ямар нэг шинэчлэл хийлгүйгээр энэ янзаараа явбал бид мэдээллийн технологийн хөгжлөөс илүү хол хоцрох тийш хандах байх.
Нээлттэй эхийн програм хангамжийн хэрэглээ, хөгжүүлэлтийг бодлогын түвшинд дэмжмээр байна. Манайд төгсч буй ихэнх оюутнууд үнэхээр чадалтай, толгойтой боловч төлөвлөх, багаар ажиллах, харилцааны зэрэг чадварууд маш дутмаг олгогддог. Бас гэрийн даалгавар, бие даалт, курсын ажил гээд цөөн хэдэн мөр кодтой ажиллаж байснаас хэдэн мянган мөр кодтой ажиллаж байсан туршлагагүй төгсдөг. Зарим гайгүй нэг нь хамраа сөхсөн байх нь элбэг. Гэтэл баг болж ажиллаад хамтын төлөвлөлт хийх, асуудлыг хамтдаа тодорхойлох, код хамтран бичих, хоорондын харилцаа зэрэг дээр байнга асуудал үүсэх ба үүний шийдвэрлэхийн оронд ганцаарчилсан тоглолт хийхийг илүү үзнэ. Эсвэл ажилд авсан компани энэ бүгдийг эхнээс нь зааж сургах, дадлагажуулах гэж багагүй хугацаа зарцуулна. Харин үүний оронд нээлттэй эхийн програм хангамжийг бодлогоор дэмжиж ажилласны үр дүнд богино хугацаанд их хэмжээний үр дүнд хүрэх боломжтой гэж боддог. Жишээ нь, нээлттэй эхийн програм хангамжийн хөгжүүлэлт нь дэлхийн өнцөг булан бүрээс хийгддэг бөгөөд тэнд маш туршлагатайгаас авахуулаад анхлан сурагчид ч байна. Тэд бүгд цахим хэлбэрээр харилцах ба мөн адил аргаар ажлыг төлөвлөж, асуудлын талаар ярилцаж шийдвэр гаргана. Эндээс хэрхэн багаар асуудлыг тодорхойлж, шийдвэрлэдэг болон хэрхэн цахим харилцаа үүсч, хөгждөгийг бэлэхнээ харж болно. Энэхүү харилцааны үндсэн дээр тэд бас бүгдээрээ хамтран кодыг хөгжүүлж, алдааг засварлах ба үүндээ хувилбар удирдах системийг ашиглана. Жишээ нь, Firefox, PHP, Apache, GNOME, линуксын цөм гээд энэ жагсаалт маш урт. Манайханд ёстой дутагдаад байдаг real-life буюу жинхэнэ амьдрал дээрх төсөл дээр ажиллаж үзэх, багаар ажиллах дадал олж авах өргөн боломжийг нээж өгнө. Мөн жинхэнэ програм хангамжийг ажиллагаа, найдвартай, тогтвортой болон аюулгүй байдлын үүднээс хэрхэн бичдэг, ямар технологи ашигладаг гээд маш их зүйлийг кодоос, хөгжүүлэгчдээс суралцах боломжтой.
Ингээд бичээд байвал нээлттэй эх нь МТ-ийн боловсролд маш их ач холбогдол өндөртэй болох нь харагдаж байна. Нөгөө талаас зарим нэг дутагдал байж болох ч нэгэнт олж авсан дадал, туршлага, мэдлэг нь хөрвөх чадвартай тул чадваргүй хүнтэй харьцуулашгүй. Ер нь боловсролын салбарт бодлогоор дэмжиж өгөөд ашиглавал богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой мэт. Энэ талаар уншигч авхай юу гэж бодож байна?
3 comments:
Zov sanaa baina. Yaj heregjuuleh ve gedeg ni harin asuudal
Дөлөө их сонирхолтой сайхан сэдэв хөндсөн байна. Нээлттэй эх сүүлийн хэдэн жилд маш хурдтай тархаж байгаа эд. Мэдээллийн технологийн боловсрол ч гэсэн цаг үеэ олсон чухал зүйл. Энэ хоёрыг холбож харсан Дөлөөгийн санаа ихэд таалагдлаа, гэхдээ үүнд бодох эргэцүүлэх зүйл нилээд байх тул сайхан чөлөөтэй хэлэлцүүлэг өрнүүлж тал талаас бодол сэтгэгдлээ нэмэрлэвэл илүүтэй үр дүнтэй болох биз ээ. Өөрийн хувийн туршлага, харж ажигласан зүйлсэд дулдуйдаж бодлоо нэмэрлэе!
Эхлээд нээлттэй эхийн талаар дурдахад манайхан энд анхаарал нилээд хандуулж чамгүй сайхан хэрэглэж байгаа нь талархууштай. Гэвч олон залуусын сэтгэгдэл бодлоос анзаарахад цөөнгүй мэргэжилтнүүд их туйлширч сэтгэх, тайлбарлах юм. Хаалтай хөгжүүлэлтийг үгүйсгэж ялангуяа даяарчлалыг тодорхойлох болсон бизнесүүдийн бүтээгдэхүүнийг хэт эсэргүүцэх ямар юм бол доо гэж бодогдоно. Монголын өнөөгийн нийгмийн тогтолцоо, эдийн засгийн шилжилтийн үед тохирсон сэтгэлгээний байдал энд бас ажиглагдаад буй санагддаг. Нэг хэсэг нь зах зээлийн системийг хэт тахин шүтэх улмаар зохицуулгат эдийн засгийг огт үгүйсгээд унах, нөгөөх нь социализмаа сангалзаад дэндүү олон, бүр алхам бүртээ зохицуулалт, бодлого шаардана. Хослуулаад хэрэглэвэл түргэн хөгжинө, нийтээрээ хэт туйлшрах утгагүй гэдэг би итгэдэг. Миний хувьд энэ л бодол итгэлээр мэргэжилдээ нээлттэй, хаалттай эхийн талаар ханддаг нэгэн билээ.
Нээлттэй эхийг хөгжүүлж, хэрэглэж буй шалтгаануудаас Дөлөө товч тодорхой дурдсан байна. Зардал хэмнэх талаар маш их дурдагддаг. Гэхдээ үнэндээ зардал хэмнэх үү гэдгийг яг нарийн сайхан тодорхойлсон судалгааг олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн peer review journal буюу эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэнийг олж хараагүй л яваа. Маний өөрийн бодох хар ухаанаар зардал багатай л мэт санагдах хэдий би түүндээ бүрэн итгэдэггүй. Намайг тэжээдэг ажлын шийдвэр гаргагч нар ч тэгэж үздэггүй. Товчдоо би хаалтай эхийнхэний талд амьдарч хөдөлмөрлөдөг. Мань мэргэжлийн нэр томьёололоор Microsoft, IBM, Progress зэргийн хаалттай эхийг хөгжүүлэлцэж, Windows, AIX, Symix системд төөрч, Lotus Notes Script/Command language/Java, Perl, C#, dotNET, ODBC ертөнцөд ажилладаг нэгэн.
Хэдийгээр ингэж хаалттай системд анхаарал илүүтэй хандуулдаг ч нээлттэй эхийн ирээдүйд итгэж, ажлынхаа зарим зүйлд ашиглаж хэрэглэлгүй яахав. Компанийн веб технологийн шийдэлд нээлттэй эхийн бүтээгдэхүүн түлхүүтэй хэрэглэдэг. Мөн интернэтээр дамжуулан мэдээлэл олж авах, солилцох улмаар боловсруулалт судалгаа буюу online data mining хийхэд болон үр дүнг хаалттай эхийн системд хувирган шилжүүлэх, хаалттай өөр өөр, хоорондоо зөрчилтэй системүүдийн хооронд мэдээлэл шилжүүлэх зэрэг маш олон зүйлд нээлттэй эх хэрэглэж олонтаа хүний бэлэн хоол зооглоно. Энэ утгаараа цаг, зардал хэмнэнэ ээ. Мэргэжлийнхэний хэллэгээр бол SuSE, Ubuntu, TrixBox, php, MySQL, Apache, gnc gcc хавиар маньтай тааралдах нь элбэг. За үүнээс гадна бас бус ашиг орлогогүй ч хоббидоод, итгэж мөрөөдөөд оролддог зүйлс их бий, түүндээ нээлттэй эхийн систем хамгийн их хэрэглэдэг. Joomla, python, asterisk, xbox, iphoney, bean, cashbox гэхээр мэргэжлийнхэн андахгүй дээ.
Мэдээллийн технологийн сургалтын талаар Дөлөөгийн үндсэн санаа багаар хамтарч ажиллаж сургах дээр 999% санал нэгдэж байна. Гэхдээ зарчмын хувьд оюутнууд мянган мөр код бүтээхээс сая мөр кодтой ажиллах дадлага хийж чадахгүй байгаа нь үнэн ч тэр мянгаа сайтар хийгээд бусадтай зөв ойлголцож чаддаг, биеэ биеэ хүндэлж ойлгодог болчихвол гүүгэл мөртэй бүтээгдэхүүн гарчихлаа л гэсэн үг.
Мөн Дөлөөгийн нээлттэй эх нь МТ-ийн боловсролд маш их ач холбогдол өндөртэй гэсэнтэй бол маргаад байх зүйл алга, гэхдээ мөн л дээр бичсэнчлэн туйлшрахгүй аль алийг нь үздэг ойлгодог байх хэрэгтэй. Америкийн туршлагаас харахад ер нь үндсэн суурь мэдлэгийг л оюутаны ширээнээс олж авдаг болохоос нарийссан мэдлэг, чадварыг хөдөлмөрийн зах зээлээс сурдаг юм билээ. Бизнес компаниуд ч гэсэн заавал дахин сургах боловсруулах асуудалтай тулгарч зохих цаг зав, мөнгө хөрөнгө зарцуулдаг зарчим энд үйлчилдэг. Тухайн хүний авхаалж самбаа, чадвар, хувийн зохион байгуулалт сайнаас өөрийн боломжоор сурчихдаг, цаг хэмнэдэг зүйл бишгүйдээ гарна. Сайн компанийн зүгээс ийм тохиолдолд тухайн хүнд өөр замаар дэмжлэг үзүүлэхэд нөгөө хөрөнгөө зарцуулдаг. Товчдоо бизнес бүр хүнээ сургаж хөгжүүлж байх зардал төсөвтэй байна, түүнээс бэлэн оюутан эсвэл боловсролын системээс сайн продакт нэхээд байхгүй л дээ.
Өөрөөрөө жишээлэхэд мэдээллийн технологийн суурь мэдлэг талаасаа бол мань Орос бүтээгдэхүүн. Багш нарын заадаг гарын авлага ном бүгд барууны хэвлэл, орчуулга байдаг байлаа. Хангалттай уян хатан, мэдээллийн технологийн таарамжгүй системүүдэд саад багатайгаар шилжих боломжтой, нарийссан мэргэжлийн мэдлэг чадвар олж авч цаашид хөгжихөд дөхөмтэй суурь мэдлэг оюутан цагтаа олж авсан гэж боддог.
Үүнийгээ, ийм арга барилыг бусдад суулгах гэж эх оронд ажиллаж байх хугацаандаа багагүй анхаардаг байж. Анхлан хэвлэлийн байгууллагад ажиллаж байхдаа КТМС-н оюутануудаас дипломын ажлыг нь удирдах боломж хэдэнтээ гарсан. Батзориг, Инжинааш гээд дандаа л тухайн үедээ шилдэг хүүхдүүд таарч байлаа. Оюутаны програмчлалын олипиадад дээгүүр давхисан хэдээс л ирдэг байна. Дипломын ажлаар нь програмчлалын жижиг хэсгүүд гэж үзэхээр бага, тус тусдаа кодууд бичүүлэхээр өгөхөд ийм зүйлийг юунд хэрэглэх юм бэ гэж их асууна. Бусад багш нар ч гэсэн чи яагаад хэрэгтэй юм хийлгэхгүй, дэмий ашиглахгүй кодоор оролдуулна вэ гэх. Код бичих чадвар суух, хүний хэсэг дээр өөрийн нэмэлтийг хийх, хамтын кодод суралцуулах гэсэн оролдлого юм уу даа. Энэ нь тэгээд үнэндээ мань их лутдаа ч бус хойно багш нарын заасныг л хуулбарлаад байсан нь тэр, түүнээс би энэ америк програмчидыг танихгүй, мэдэх ч үгүй байлаа.
Хожим хувийн бизнесдэхдээ УБИС-с цөөнгүй хүүхэд дадлага хийлгэх гэж оролдож байхад нь багш нар нь чи энэ сайн хүүхдүүдээр юу л хийлгэж “алаад” байна даа, шууд амьдрал дээр код бичүүлчихээч, юм илүүтэй сурна гэдэг байлаа. Бид өөрсдийн багаа бүрдүүлэхдээ ч дээр бичсэн байдлыг чухалчилдаг байсан. Энэ үеийн хамтран зүтгэгч, одоо ч эх орондоо ажиллаж хөдөлмөрлөсөөр буй Ч.Боролдой “Бид Монгол дахь Новогийн школь байгуулж байна” гэдэг байлаа. Мөн хамтран зүтгэгч өдгөө Японы програмчлалын партизан болсон А.Гэрэлт-Од олон залуусыг хамтын програмчлалд сургасан даа.
Тухайн үеийн ойлголтоор Монголд маргаан өрнөдөг байсанчлан Clipper лаг, Access илүү, Delphi л аварна ... зэрэгт бидний зүгээс бараг оролцдоггүй, ямар ч орчинд юугаар ч код бичих чадвартай байна гэж үздэг байсан. Төгссөн сургууль НЭТИ илүүтэй хэрэглэдэг, үүнийг дамжуулаад Орос мэргэжилтнүүдтэй харьцах амархан, хэвлэл, ном олж авахад давуутай байсан тул Foxpro, MS SQL илүүтэй сонгож код бичдэг байж. Mongolian Foxpro Group гэж байгуулая гээд АНУ-н хэрэглэгчдийн групптэй холбогдон тогтмол хэвлэл авч Монголд энэ чиглэлийн нарийвчласан сургалт хийх, өндөр мэргэжилтнүүдийн коммунити байгуулая гэж байсан нь өдгөө дурдатгал л болж үлджээ. Ингэхдээ бид ямар нэгэн бодлого, зохицуулалт хайж явсангүй. Өөрсдийн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлөөр нэг баг болчихдог байлаа.
Бүгдийг санаа нэгд, нэг тийш урс гэж яахан хэлж болох билээ. Ойн мод урттай богинотой байдаг … гэгчээр санал нэгдсэн хэсэг бүр өөрсдийн замаар ажиллах нь хэрэгтэй. Урьд өмнө ажиллаж хөдөлмөрлөж явсан улсын туршлагаас суралцаж хамтадаа хөгжсүү хэмээн бодож нилээд түүх бичиж хадуурсан байна.
Маш товчоор дүгнэхэд, Дөлөөгийн хөндсөн сэдвийг, санааг бүрэн дэмжиж байна. Нээлттэй эхийг сайхан хөгжүүлэе, гэхдээ хаалттайг ч хаяж гээлгүй цугт нь хэрэглэе! Мэдээллийн технологийн сургалтад онцгой анхаарья, баг болж хамтаар ажиллаж сургахыг голчлож үүндээ технологийн дэвшил олноор нийлж ажиллах боломжийг өргөн хэрэглэе. Бодлого зохицуулалт хайх бус, бусдаас юм хайх бус барьж аваад эхнээс нь өөрсдөө хийе. Мөн өмнө хийгдэж байсан зүйлсийн туршлагыг ч сонсож авах гээхийг хослуулвал сайхан үйлс бүтэмой.
Олуул хэлэлцвэл буруугүй ... гэгчээр Дөлөөгийн блогийн энэ нийтлэлд олон хүн хариу бичихийг хүсье!
үнэтэй зөвлөлгөө өгсөн Жагдагдаа баярлалаа. мэдээж дандаа давуу гэж байхгүй, дутагдалтай тал бий. би энд зөвхөн давуу талууд байна, түүнийг хэрхэн ашиглах вэ гэдгийг нь харуулах гэж хичээсэн юм. зардал хэмнэх талаар өөрийн нэг бодлыг бас хэлье. хөгжингүй орнуудад нээлттэй эхийн системийн нэвтрүүлэхэд зардал их байгаа талаар судалгаа байсан, үзсэн л дээ. гэхдээ ихэнх зардал нь хуучин систем дээр ажиллаж буй зүйлсийг шинэ рүү шилжүүлэх гэж үйл ажиллагаанд гарч байсан. харин манай хувьд бүр тэгээд ашиглаад хэвшчихсэн хуучин систем бараг л байхгүй. тэгэхээр шилжих зардал бараг байхгүй, харин бусдын адилаар шинийг нэвтрүүлэх зардал гарна даа.
Post a Comment